Хүний хэрэгцээ бага гэдэг. Таваг хоол, хундага архи хаанаас ч олддог орчлон гэж яруу найрагчид нь аархдаг. Харин зарим нь “ядуу хүний зовлон 365 хоног” гэх нь бий. Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй байдаг гэлцдэг. Хүн хүсэл шуналаа дарж явахгүй бол хүний шунал л дарагддаггүй зовлонгийнх эх үүсвэр болдог гэж буддын сургаал номлодог.. Энэ бүхнийг биеэр үлгэрлэж хэрэгжүүлж яваа хүн нь Буддын шашны тэргүүн 14 дүгээр Далай лам. Далай лам шунал хүслээс ангижирч, энэ хорвоогоос аль болох бага зүйл хэрэглэж элээж явахыг зорьдог аж. Далай лам Монголд анх удаа ирснээс хойш найман жилийн дараа дахин ирсэн. Тэгэхдээ яг нэг хувцсаа дахиж өмсөн ирсэн гэдэг. Далай ламын бор гутлыг дэлхий дахин андахгүй. Монголд хоёр удаа ирэхдээ хоёуланд нь энэ бор гутлаа өмсөн ирсэн гэж ойр ажилласан хүмүүс ярьдаг. Хоёр удаа ирэхэд нь ярилцлага авсан яруу найрагч Цоодолын Хулан энэ тухай дурдсан нь бий. Далай лам одоогоос гурван жилийн өмнө ирэхдээ мөн л нөгөө бор гуталтайгаа ирсэн. Үүр цүүрээр босон мөргөл үйлдэж, халуун орон Дарамсалад ихэвчлэн амьдарч, номынхоо өргөөндөө хөл нүцгэн сууж байдаг Далай лам хоол ундыг ч маш бага хэмжээгээр иддэг тухай тогоочоор нь ажилласан хүмүүс өгүүлсэн байдаг. Энэ хорвоод нүцгэн ирж, нүцгэн буцахаа мэдэж, хорвоогийн элдэв эд зүйлээс аль болох багыг элээж хэрэглэж, шунал хүслээ дарж сайхан сэтгэл, зүрх сэтгэлийн амар амгаланг хайж амьдардаг амьдардаг хүмүүс л ингэж амьдардаг юм уу даа.
Харин арал худалдан авч, хэзээ ч шагайж үзээгүй олон өрөөтэй байшинд амьдардаг, нэг өмссөн хувцсаа дахиж өмсдөггүй өндөр хэрэглээтэй одод дэлхийд цөөнгүй бий. “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон нэг өмссөн хувцсаа дахиж өмсдөггүй гэдэг. Харин дэлхий даяар нэр нь цуурайтсан дуучин Селин Дион Канадад 14 хүүхэдтэй тарчиг айлд өсч хүмүүжсэн. Сайхан хоолойныхоо хүчээр амьдралаа орвонгоороо өөрчилсөн дуучин. Дуучин Селин Дионыг дэлхий нийтэд танил болгосон уран бүтээл “Титаник” киноны дуу. “Титаник” киноны дууг дуулахыг кино багийнхан санал болгосон ч Селин Дион татгалзсан. Харин Селин Дионы менежерээр ажилладаг нөхөр нь уг дууг дуулахыг ятган зөвшөөрүүлжээ. “Титаник” кино гарсан даруйдаа амжилт олж, Оскарын шагнал бөөндөхөд дуучин Селин Дион найруулагч Жеймс Камерунд “Энэ киног дуу нь чимсэн” гэж хэлж, алдарт найруулагч “Миний кино чиний дууг чимсэн” гэлцэж байсан гэдэг. Дуучин Селин Дионы хобби гутал. Аялан тоглолтынхоо зав чөлөөгөөр гайгүй гэсэн гутлын дэлгүүр хэсээд алга болдог гэнэ. Дуучин Ларри Кингтэй ярилцахдаа 4000 гуталтай гэдгээ хэлж байсан. Алдартай дуучин өөрийнхөө авъяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө амьдралаа босгосон. Естой луувангаа иднэ үү, 4000 гутлаа яаж өмсөнө хүмүүст падгүй. Гутал муут гурвын ард гэдэг. Ганц гуталтай Далай лам, 4000 гуталтай дуучин Селин Дион хоёрын хооронд ямар ялгаа, ямар зөрөө байдгийг тэдний амьдралаар амьдарч үзсэн хүн л мэдэх буй за.