alim.mn | 2024.12.23
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг өнөөдөр /2021.11.30/ боллоо. Манай улсын уул уурхайн салбарт хийсэн энэхүү судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэсэн байна. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр гэх мэтчилэн ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг энэхүү судалгаагаар тодорхойлсон гэдгийг ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ онцоллоо.

Судалгааны үр дүнд Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ дараагийн 10 жилд буурахгүй, учир нь Монгол Улсын экспортолж байгаа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй байна. Мөн алт, зэс гэх мэт ашигт малтмалын үнэ өндөр байна. Энэ чиг хандлага ирэх 10 жилд хадгалагдсаар байхыг таамаглажээ. Түүнчлэн олон улсын хэмжээнд декарбонизаци буюу хүлэмжийн хий ялгарал ихтэй байгаа салбаруудаас эдийн засгийн бүтцийн хувьд холдох бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн. Монголтой худалдаа хийдэг гол түнш орнуудын хувьд нүүрсний хэрэглээг багасгана гэсэн шийдвэрүүд гарсан. Ирэх 10 жилд нүүрсний хэрэглээнд өөрчлөлт гарахгүй ч, 2030 оноос нүүрсний эрэлт буурч, энэ нь Монголын эдийн засагт томоохон нөлөөллийг үзүүлнэ. Иймд энэ салбараас орж ирж байгаа орлогыг зөв, зохистой зарцуулах, хуримтлуулах, арвижуулах нь чухлаар тавигдаж байна. Баялгийн сангийн тухайд дэлхийд маш олон орон өөрийн гэсэн баялгийн санг байгуулж, алдаж оносон туршлагууд их байдаг. Сангийн зорилгыг тодорхой, оновчтой болгох талаар Дэлхийн банкны зүгээс санал солилцож байгаа. Харин хэрхэн, яаж зорилгодоо хүргэх арга хэрэгслийг олон төрлөөр явуулах боломжтой, техникийн тал дээр бид туслалцаа үзүүлэх боломжтой” гэв. Мөн тус судалгаагаар монголын уул уурхайн салбар 2020-2030 онд хурдацтай өсөх төлөвтэй, ялангуяа зэс, нүүрсний үнэ өсөх хандлагатай байгааг тайлагнажээ. Түүнчлэн 2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнэ эерэг хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5,3 тэрбум ам.доллараас 12.5 тэрбум ам.доллар болж өсөх хандлага ажиглагдаж байна гэв.

“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан”-г боловсруулсан CRU consulting нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс баялагтаа эзэн монгол байх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагасан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй.

УУХҮ-ИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэв. Тэрбээр, “Газрын баялгийн өгөөжийг зөв ашиглаж, зарцуулж чадсан улс орнууд бүгд баялгийн сангийн зарчмаар хөгжсөн байдаг. Үндэсний баялгийн санг байгуулах асуудлыг 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо болон хойч үедээ хүртээмжтэй, ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилна гэж заасан үеэс ярьж эхэлсэн.  Иймд Үндсэн хуулийн шаардлагаар газрын хэвлийн баялгийн өгөөжийг Баялгийн сангийн зарчмаар иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. 12 дугаар сард багтаан ЗГ-аар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Д.ИРМҮҮН “Дэлхийн хамгийн шилдэг туршлагыг Монголд нутагшуулах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлгийг явуулж байна. Олон нийтийн санаа бодлыг сонсож байж сангийн үйл ажиллагааг хамгийн оновчтой байдлаар зөв зохион байгуулах боломжтой. Хуулийн заалтуудад олон улсын тэргүүлэх туршлага, шилдэг жишгүүдийг шингээж өгсөн нь олон талын ач холбогдолтой гэж харж байна” гэлээ. УУХҮЯ, Дэлхийн банк, “CRU” судалгааны консалтинг хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн, CRU consulting судалгааны байгууллагын удирдах зөвлөх Виктор Родригес, Дэлхийн банкны уул уурхайн асуудал хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт болон эдийн засагчид, салбарын бусад төлөөлөл оролцов.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ