“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хоёр АНЭУ руу албан томилолтоор явахдаа 5 одтой зочид буудалд тухалжээ. Тухайлбал Х.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяатайгаа Дубайд 7 хоног буудалд байрласан өрөөний зардал нь 40 сая төгрөг болжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн зөвхөн зочид буудлын өрөөний зардал нь 7500 ам.доллар. Монгол мөнгөөр 21 сая төгрөг. Харин орлогч дарга Д.Үүрийнтуяагийн өрөөний зардал нь 6750 ам.доллар буюу 18.9 сая төгрөг болжээ. Үүгээр тогтохгүй, Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар замын хоног, бусад зардал нэрээр тус бүр 2200 ам.доллар гаргуулж авсан байна.
Өндөр өртөгтөй, баян орон Арабад тансаглах дүүрчээ. Гэтэл хоёулаа нийслэлд гэр оронтой Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа хоёр Улаанбаатарт үйлдвэрийн зардлаар мөн хоёр хоног буудалд байрлажээ. Тэд хотод хоёр хонохдоо буудлын зардалд 1.4 сая төгрөг зарцуулсан ажгуу. “Том дарга” Х.Бадамсүрэнгийн 2 хоногийн буудлын зардал 800 мянган төгрөг харин “арай жижиг дарга” Д.Үүрийнтуяагийн буудлын ор хоногийн мөнгө 640 мянган төгрөг болсон байна. Үүнээс гадна мөн л замын хоног бусад зардал нэрээр тус бүр 1 сая 53 мянган төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулж авчээ. 43 жилийн түүхтэй “ГОК” ажилтан ажилчдын үе үеийн хөлс хүчээр бүтээн босгосон хүч хөдөлмөр дээр сүүлийн 4 жилд даргаар ирсэн, хөгшин залуу, эр эм хоёр дарга тансаглаж байна. Нөгөө Жамц баян “20 сайхан шарыг минь 2 оготно идчихлээ гэж үү” гэж халагласан шиг явдал Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа хоёрын үед их гарч, тансаг хэрэглээ нь тэнгэрт тулжээ. Д.Үүрийнтуяа европоос ямар тансаг тавилга, эдлэл зөөж авчрууллаа. Тэтгэврийн насанд хүрсэн захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр Канадад сурдаг охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлүүлж, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авч байсан удаатай…