Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 12 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож 12 дугаар сарын 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар боллоо.
Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлэх юм. Сурагчдын амралтын талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хичээлийн жил эхлэхээс өмнө БШУЯ-наас бүтцээ батлан гаргадаг. Энэ дагуу эхний улиралд сурагчид 16 долоо хоног хичээллээд, зургаан долоо хоног амрахаар зохицуулагдсан. Энэ хугацаа арванхоёрдугаар сарын 17-ны Баасан гарагт хичээллээд, арванхоёрдугаар сарын 20-ны Даваа гарагаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа юм. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар улирлын хичээл эхлэх хуваарьтай байгаа ч Цагаан сар таарч байгаа тул баярын амралт дуусгаад, хоёрдугаар сарын 7-ноос хичээл эхлэх төлөвтэй байна. Сурагчдын хоцрогдыг оношлох агуулгын үнэлгээг 9, 10 дугаар сард хийсэн. Хоёр жил завсардсан учир сурлагын хоцрогдол бий болсон. Тиймээс сурагчдын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө батлагдсан. Уг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах ажил ч хийж байна.
Сурагчдын зургаан долоо хоногийн амралтын хугацаанд хичээл огт орохгүй. Хүүхдүүдийг амраана. БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг бүрэн амрааж, ном уншуулах чиглэл өгч байгаа. Тиймээс сурагчдаа амрааж, цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлье гэсэн чиглэлийг өгч байгаа” гэлээ.