alim.mn | 2024.12.26
С.Ганбаатар: Рио тинтогийн асуудал дээр Баянхонгорчууд яллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж, Рио Тинтогийн зүгээс "Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр болсон. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. Харин ч ногдол ашиг авах хугацаа наашилж байгаа талаар мэдээлсэн юм. Тэгвэл өр тэглэх асуудалд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн болон Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын оролцоо үүрэг их чухал байсан гэдгийг онцолжээ. 

Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Рио тинтогийн асуудал дээр Баянхонгорчууд яллаа. Баянхонгор нутгийн хүү тэнд тэмцэх нь чухал биш. Баянхонгор нутгаас гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулгын гавьяа шүү. Өмнөх Ерөнхийлөгч нар өөдгүй урвагч нар байсан. Би Рио Тинтотой тэмцэхээс илүү Рио Тинтогийн бууны нохой болсон Монголын эрх баригч нартай тэмцэх нь мах зулгаасан ядаргаатай ажил байсан юм. Баянхонгороос гаралтай Монгол Улсын Ерөнхийлөгч Монголынхоо төлөө байсан учраас Рио тинто буулт хийж байгаа юм гэдгийг хэлмээр байна. 

Оюутолгойн гэрээг байгуулахаас эхлээд хуудуутай, хуйвалдаантай олон түмэнд ашиггүйг сануулж, засаж сайжруулахын төлөө 17 жил тэмцэж, эрх баригчдаас шаардаж ирсэн нь үнэн. Эдийн засагч Авирмэд, геологич Хурц гуай, доктор Бямбаа, зөвлөх Ч.Бат-Эрдэнэ зэрэг олон мэргэн ахмад, зөвлөхүүд маань дэмжиж, үгээ хэлж ирсэн. Баялагаа булаалгахгүй байхын төлөөх тэмцэл амар байгаагүй. Халуунд халж, хүйтэнд зүдэрч байсан ч иргэдийнхээ дэмээр шантарч байсангүй. Урам, сэтгэлээр тэмцлийг минь дэмжиж түшиж байдаг Монголчууддаа баярлалаа. Эх орныхоо төлөөх тэмцлийг минь дэмжиж, эзний сэтгэлээр хэлэлцээр хийсэн Л.Оюун-Эрдэнэ, Х. Нямбаатар, Солонго, Баясгалан нартаа амжилтыг ерөөе. Засгийн газар, хамтарсан ажлын хэсгийг дэмжиж нэгдэж байгаад эх орныхоо баялагийн эзэн байхын төлөө зүтгэхээ илэрхийлье.  Арбитрын маргааныг түдгэлзүүлж болохгүй гэдэгт бид бат зогссон хэвээрээ байх ёстой. Бусад алдааг нь засах хугацаа иргэд бидэнд хангалттай бий. Эх орон, ирээдүйн төлөө зорилгод сөрөг хүчин болж хоёр тийш харах ёсгүй билээ" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ