alim.mn | 2024.12.23
Б.ОДОНТУНГАЛАГ: ХАДГАЛАМЖ НЬ ТАНЫ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛТЭЙ ХОЛБОГДВОЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙХ БОЛНО

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны талаар ярилцлаа.

“Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулж, юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу?

Түүхийн цаг үеүүдэд хуримтлал нь хүний амьдралд ямар чухал, ач холбогдолтой болохыг дэлхийн олон улс орнууд өөрийн туулсан туршлагаар ойлгож анхаарсан байдаг. Тиймээс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санал санаачлагыг гаргаж, нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн. Үүнээс хойш Монголбанкнаас бусад төрийн байгууллагуудтай хамтран жил бүр Дэлхийн хуримтлалын өдрийг уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ аян нь олон нийтэд хуримтлуулах соёлыг хэвшүүлэх өндөр ач холбогдолтой. Монголбанкны хувьд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь бидний анхаарч ирсэн чухал зорилтуудын нэг юм.

Энэ жилийн хувьд хамтрагч байгууллагууд хэрхэн яаж зохион байгуулж байна вэ?

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аян нь 10-р сарын турш зохион байгуулагдана. Энэ хугацаанд Монголбанк, Монголын Банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Шпаркассэ банкны сан, арилжааны банкууд болон бусад байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар Төв аймгийн Зуун мод хотод эхлүүлсэн. Аяны нээлтийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өгч, төв аймгийн ЕБС-ын шилдэг сурагчид болон тусгай хэрэгцээт нийт 30 хүүхдэд хадгаламжийн батламж гардуулсан. “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” нэгдсэн үйл ажиллагааг энэ жил Дундговь, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэвч ковид-19 цар тахлын нөлөөгөөр зарим  орон нутагт төлөвлөсөн нэгдсэн арга хэмжээ хойшлох эсвэл цуцлагдах магадлалтай байна. 

Аяны ач холбогдол, гарах үр дүнгийн талаар тайлбарлана уу?

Хуримтлалтай болох нь иргэдэд аливаа нэг эрсдэлийг даван туулах чухал нөөц бололцоог бий болгож байдаг. Ковид-19 цар тахлын улмаас өрхийн болоод улс орны эдийн засагт тодорхой бус байдал давамгайлж буй энэ үед иргэн болон улс орны түвшинд ч өөрийн нөөцөө ахиулж байх нь чухал юм. Иргэд санхүүгийн мэдлэг, сахилга баттай байхад аливаа санхүү, эдийн засгийн сорилтыг давж чадах хөшүүрэг болдог. Тиймээс ч энэхүү ажлыг жил бүр “хуримтлалын аян” хэлбэрээр нөлөөллийн ажлуудыг хийж ирсэн. Бидний дунд  нийтлэг  ажиглагддаг зан төлөв бол орлогоо бүрэн зарцуулах хандлагатай байдаг. Санхүүгийн боловсролыг ярьж, сурталчилж байгаагийн нэг зорилго бол иргэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрт ашигтай сонгоход чиглүүлэх явдал юм. Эдгээрийн нэг нь яах аргагүй хадгаламжийн бүтээгдэхүүн. Ирээдүйд юу болохыг хэн ч урьдчилан харж чадахгүй учраас санхүүгийн хувьд хүчтэй, өөртөө итгэлтэй, төлөвлөгөөтэй, хадгаламжтай байх нь аз жаргалтай амьдралын үндэс юм.

Хуримтлал үүсгэх зуршлыг хэрхэн яаж бий болгох тухай зөвлөгөөг энэ дашрамд уншигчдад маань өгнө үү.

Хуримтлуулж эхлэх нь зарим хүнд тийм ч амар санагддаггүй. Гэсэн ч эхлүүлэх нь чухал. Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Хуримтлалыг нэг удаад хийгээд орхих биш тогтмол хийх нь үр дүнтэй. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй. Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй. Төсөв гаргаж, дээрээс нь хэмнэлт хийж сурсан байхад та хангалттай түвшинд хуримтлуулсан байх болно. Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй болно. Дунд, урт хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлуулах нь чухал. Нэгэнт та хуримтлуулахаар  шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байвал хуримтлал тасалдахгүй байх ач холбогдолтой.

Улсын хэмжээнд иргэдийн хадгаламж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юу?

Улсын хэмжээнд 2020 оны 8 дугаар сард нийт хадгаламжийн хэмжээ 16.0 их наяд төгрөг байсан бол 2021 оны 8 дугаар сарын байдлаар 19.2 их наяд төгрөг болж, даруй 3.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа. Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг. Эх үүсвэр хүрэлцээтэй байх нь зээлийн санхүүжилтийг өргөтгөх бололцоо олгодгийг бид мэднэ. Хадгаламж өссөнөөр хүүгээр өрсөлдөж, эх үүсвэр татах байдал буурч, улмаар зээлийн хүүг бууруулах эерэг талтай. Иймээс “Бүгдээрээ хуримтлуулъя” урианд нэгдэж хуримтлалыг амьдралын нэгэн чухал хүчин зүйл болгоцгооё гэж уриалахыг хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ