alim.mn | 2025.01.08
Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн нөлөөлөлд өртөж буй 270 айлд 7.5 тэрбумын нөхөн олговор өгнө

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдын нутагт Шижигтийн хавцалд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина. Үүнтэй холбогдуулан уг цахилгаан станц барихаар төлөвлөсөн 28000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан билээ.  

ТӨСЛИЙН НӨЛӨӨЛӨЛД ӨРТӨЖ БУЙ 270 АЙЛ ӨРХӨД ₮9.5 ТЭРБУМЫН НӨХӨН ОЛГОВОР ӨГНӨ  

Төслийн нөлөөлөлд гурван аймгийн дөрвөн сумын зургаан багийн 270 айл өрхийн 1100 гаруй хүн амьдарч байна. Төслийн хүрээнд өртөх айл өрхийг нүүлгэн шилжүүлэх болон нөхөн олговорт 9.5 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцооллыг Эрчим хүчний яамнаас гаргаад буй. 

Хоёр аймгийн гурван сумын таван багийн ИНХ-аас уг төслийн үйл ажиллагааг дэмжсэн санал өгсөн байна. Харин Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн ИНХ-аас Эрдэнэбүрэн УЦС барих төслийг дэмжээгүй хэвээр байгаа аж. 

Төсөл хэрэгжүүлэгч Эрчим хүчний яамнаас 2022-2024 оны хооронд дээрх нөлөөлөлд өртөж буй 270 айл өрх болон Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх ерөнхий төлөвлөгөөг  гаргажээ. 

УСЦ-ЫГ БАРИХАД БАЙГАЛЬ ОРЧИНД НОЦТОЙ СӨРӨГ НӨЛӨӨ БАЙХГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН  

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг  “Нью гидро проект” ХХК, “ЕНКО” ХХК-ууд 490 сая төгрөгөөр хийсэн байна. Энэ үнэлгээгээр уг станцыг барихад байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тодруулбал эдгээр хоёр компани 2021 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэсэн. “Нью гидро проект” ХХК нь өнгөрсөн хугацаанд 32 төслийн нарийвчилсан үнэлгээг хийсэн бол “ЕНКО” ХХК нь 184 төслийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэжээ. 

Гэсэн хэдий ч нутгийн иргэдийн зүгээс усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд буй. Үүнтэй холбогдуулан энэ оны 5-9 дүгээр сард багийн иргэдийн Нийтийн Хуралд БОННҮ-ний тайланг дахин танилцуулан санал авах ажлыг зохион байгуулжээ. Үүний дараа хоёр аймгийн гурван сумын таван багийн ИНХ-аас уг төслийн үйл ажиллагааг дэмжсэн санал өгсөн байна. Харин Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн ИНХ-аас Эрдэнэбүрэн УЦС барих төслийг дэмжээгүй хэвээр байгаа аж. Эргэн сануулахад Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай тогтоол гаргасан билээ. Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байна гэж үзэж буй юм.  

БИД ЖИЛД 20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ОХУ, БНХАУ РУУ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨРТ ТӨЛДӨГ 

Манай улс ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэрэглээнд 64,1 тэрбум төгрөгийг 2020 онд зарцуулсан. Үүнээс баруун бүсийн аймгууд эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг буюу 16.9 тэрбум төгрөгийн эрчим хүчийг ОХУ-аас импортоор авч ашиглаж байна. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун таван аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангах боломж бүрдэнэ гэж Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээллээ.  

Өнөөдөр баруун аймгууд ОХУ-аас нийт эрчим хүчнийхээ 70 хувийг авч байгаа. 1.0 кВт эрчим хүчийг ОХУ-аас  250 төгрөг, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг

Усны тухай хуулиар эрчим хүчний зориулалтаар ус ашиглах аж ахуйн нэгжүүдэд ус ашиглуулах дүгнэлтийг Усны газар жил бүр гаргаж, Сав газрын захиргаатай гэрээ байгуулан ажиллаж байна. Усан цахилгаан станцид усны нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолын дагуу борлуулалтын орлогын таван хувиар тооцож байна. Тухайлбал, Эрдэнэбүрэн УЦС-ын ТЭЗҮ-д 1.0kBт цаг эрчим хүчийг өөрийн өртгөө нөхөх 19 жилийн хугацаанд 6 цент (171 төгрөг)-ээс ихгүй байхаар тусгасан байна. Усан цахилгаан станц жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 1.0kBт цаг эрчим хүчийг 171 төгрөгөөр Баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлэхэд борлуулалтын орлогын таван хувиар тооцож усны нөөц ашигласны төлбөрт бид жилд 3.13 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, хоёр хувиар нэмэгдүүлбэл усны нөөц ашигласны төлбөрт 4.38 тэрбум төгрөг төлөх тооцоог гаргаад байна.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  энэ асуудалтай холбогдуулан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолын эх үндэс. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид ОХУ-д эрчим хүчний төлбөрт 300-аад тэрбум төгрөгийг төлсөн. Жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчний төлбөрт төлдөг. Ирэх 20 жилийн хугацаанд 400 гаруй тэрбум төгрөг эрчим хүчний төлбөрт төлөх нь. Тиймээс, бид ОХУ-д ирэх 40 жилд төлөх төлбөрөөрөө Монголд 100 жил тасралтгүй найдвартай ажиллах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай болох нь чухал.  Өнөөдөр баруун аймгууд ОХУ-аас нийт эрчим хүчнийхээ 70 хувийг авч байгаа. 1.0 кВт эрчим хүчийг ОХУ-аас  250 төгрөг, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг бол Дөргөний усан цахилгаан станц 1.0 кВт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний үнэ тариф хямдарна. Хямд үнэтэй эрчим хүч гэдэг бол үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх том боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгоно гэсэн үг хэмээн байр сууриа илэрхийллээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ