Төв аймгийн Заамарт 800 га газар алт олборлосон "Нүүдэлчин" группын бас нэг охин компани Булган аймагт 967 га газрыг хөндөх нь
УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарын Нүүдэлчин группын охин компани болох “Нүүдэлчин айрон ресорс” нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн иргэдийн бурхан болоочдоо нутаглуулдаг газрыг нь ухаж эхэлсэн. БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр нь Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгчтэй сууж, “Нүүдэлчин групп”-т хүргэн орсон. Булганаас УИХ-д сонгогдон, Америкт Элчин сайдаар сууж байгаад ирсэн Ё.Отгонбаяр хадмынхаа компаниас хувь хүртэх болсныг АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.
Булган аймгийн Бүрэгхангай сумынхан Монгол хүний ёсоор өвгөдийг нутаглуулсан газраа ухуулахгүй гэж эсэргүүцэж байна.
Булган аймгийн Бүрэгхангай сум нь Төв аймгийн Заамар сумтай Туул голоороо хиллэдэг. Бүрэгхангайн малчдын малын гол бэлчээр, тахилгат уул, оршуулгын газар орсон энэ газарт төмрийн хүдэр олборлох гэж буй Нүүдэлчин групп нь хэр хариуцлагатай компани вэ? Заамарт ухсан газраа нөхөн сэргээх байтугай бичил уурхайнуудад талбайгаа түрээсэлж, хууль зөрчин олборлолт явуулж буй компани юм байна.
Тодруулбал: Нүүдэлчин группын өөр нэг охин компани болох “Мондулаан трейд“ нь Төв аймгийн Заамар суманд 800 га газрыг Улааншивэртийн ам “нэртэй МV-0049108 болон MV-017100 дугаартай хоёр ч ашиглалтын лицензээр эзэмшдэг ажээ.
Уг газраас “Мондулаан трейд” алт олборлосон ч өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийсэнгүй.Сорчилж олборлосныхоо дараа бичил уурхай нэртэй хувираа алт олборлогчдод түрээслэн ухуулсаар байгаа аж.
Нэг аймагт 800 орчим га газрыг ухаад нөхөн сэргээхгүй орхисон “Нүүдэлчин групп” дахиад хил залгаа аймагт 967 га эрүүл газрыг хөндөж болох уу?
Юутай ч дүн өвлийн хүйтнээр хүчит техникээр ааглан МАН-ын Ковидын дараах эдийн засгийн 6 зүйлт сэргэлтийн жолоодогч Ёндонгийн Отгонбаяр, Шүхэртийн Лхамсүрэн гэх хадам дүүтэйгээ багийн иргэдийн эсэргүүцлийг үл тоон ухсаар ухсаар... Нарийн өвс ургасан энэ номин ногоон талаа хар, одоо хүчит техникээр сүйтгэх нь. Тэр ухаж байгаа газар байгаа өөрийн үр удам, өвөг дээдсийн цогцос хадгалсан Өлзийт овооны энгэр бэл дэх шарилын хөшөө чулуугаа харсан ч нутгийн иргэдийн нүд халтирч байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ