БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ХАШ ТАМГЫН ТҮҮХ
1. Тамганы хашийг олсон нь
1911 онд Монгол улс манжийн дарлалаас чөлөөлөгдөж Богд хаант Монгол улс байгуулагдах үед Богд эзний барих төрийн тамгыг бүтээх нэгэн асуудал тулгарч, уламжлалыг бодолцон хаш чулуугаар хийхээр шийдвэрлэжээ. Үнэндээ Чингис хаанаас хойшхи бүх хаад “хас боу бай” хэмээ хаш тамгыг үе дамжуулан барьж ирсэн түүх байдаг аж.
Богд хаант Монгол улсын тамга хийх хашийг Ерөнхийлөн захирагч чин ван Ханддорж олж нийлүүлэх, тамгыг сийлэх чулуучинг Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд олж, сийлбэрлэх ажлыг бүрэн хариуцах болсон гэдэг. Тухайн үед өнгө өнгийн хаш нэртэй чулуу бишгүй л байсан боловч жинхэнэ өөхөн цагаан хаш гэдэг нь элбэг байсангүй. Чин ван Ханддорж хаш чулуу олох гэж Нийслэл хүрээ хавийн чулуу мэдэх хүмүүстэй уулзаж, тал тал тийш нь элч илгээж ураг ажиг тавьж байж. Ийнхүү суутал Цэцэн хан аймгийн Боржгин Цэцэн чин вангийн хошуунд суугаа Шавийн зайсан Цэнд багагүй хэмжээний тун аятайхан хашийг зарахаар хүрээний эрдэнийн чулууны пүүсэнд ирээд 100 лан өгөхөд нь өгөлгүй буцсан мэдээ авчээ. Тэр даруй нь зайсан Содов гэгчийг улаагаар мордуулж “Хаш үнэхээр сайн бол үнэ хайрлахгүй” хэмээн шавийн зайсан Цэндийг нийслэл хүрээнд ирүүлсэн гэдэг. Цэнд зайсан хаш хэмээгдэх нөгөө цагаан чулуугаа Богд эзэнд өргөхөөр болж
байтал өмнөх үеийн хошуу захирагч цэцэн ван Гомбосүрэн гэгч ирж “Энэ чулууг Цэнд чиний нэрээр оруулахад олон ноёдын дунд талаар болно. Ван би оруулбал аль бүрд хэрэгтэй болно” гэж одоогийнхоор бол хөөрхөн “томроод” уул хашийг сэм аваад Богд эзэнд өөрөө барьчихсан тухай О.Намнандорж агсан өгүүлсэн байдаг. Ямартаа ч Шавийн зайсан Цэндийн хашаар Богд эзний тамга бүтээгдэх явц ийнхүү эхэлжээ.
Уг нь Цэнд зайсан сүрхий ажигч, гярхай нэгэн байсан
учир одоогийн Говьсүмбэр аймгийн нутаг Оцол Сансар орчмын
Сүмбэр уулын бэлээс уул хашийг олжээ. Тамганы хаш ийнхүү олдсон боловч түүний паян үүгээр дуусгавар болоогүй аж.
2. “Хар гарт” Лувсангомбын тухай өгүүлэх нь
Тамгыг гадаадын хүнээр сийлүүлэхгүйг хичээсэн Да лам маань
чулууны мэргэжилтэн эрж хайсны эцэст Зүүн хүрээний Вангайн
аймгийн “Хар гарт” Лувсангомбо гэгчийг сонгожээ. Тэр цагт чулууны мэргэжилтэн монгол хүн өдрийн од шиг ховорхон байж. Лувсангомбо нь нэлээд олон газар явчихсан, аливаа асуудалд тун овжин ханддаг, сийрэгхэн толгой байсан гэдэг. Ямар сайндаа Хүрээний банкнаас үлэмж хэмжээний мөнгө зээлж, худалдаа хийж яваад Бээжинд сүрхий “шатаж” тэндээ гурван жил суурьшжээ. Энэ хугацаандаа чулуугаар урлах
эрдмийг сурч нэлээд мөнгөтэй болж зээлээ төлсөн төдийгүй чулууны багаж худалдан авч ирсэн аж. Лувсангомбо багаасаа сийлбэр хийсэн сүрхий чадвартай нэгэн байсан учир хүрээнд
ирээд тун нэртэй урчуудын тоонд орсон байна.. Уг нь тэр Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул аж.
Лувсангомбо Шаргаморьтын аманд улаан халзтай өргөө бариулан, тусгай харуул хамгаалалттайгаар тамга урлах ажлаа эхэлжээ. Хаш чулуу нь нэг сантиметр талбай тутамдаа 3500-7000 кг хүчийг хүлээн авч тэсвэрлэнэ гэдгийг бодоход гар ажиллагаагаар сийлбэр хийнэ гэдэг тийм ч амар ажил байсангүй . Лувсангомбо хэдэн сар ажилласнаа шууд Богд эзэнд “Хашийн хороос болж миний гар, хөл, нүүр хавагнав.
Энэ хорыг ганцхан хар архи л авдаг гэнэ” гэж айлтгуулж орхижээ. Богд эзэн элдвээр шалгаж шахалгүй “ Лувсангомбод өдөрт нэг лонх архи өгч байсугай” гэж зарлигдсан аж. Лувсангомбо архины хангамжтай болж чадсан учир улаан зээрд амьтан л нэг жил гаруй нүдэж байж тамгыг бүтээж гэнэ. Тамгыг
Да лам Цэрэнчимэд үзээд “Тун удаан хийлээ. Тэгээд соёмбо үсгийг тамгын хүрээнд багтаагаагүй байна” гэж Лувсангомбыг донгодоход угаас сийрэгхэн толгой учир “Тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал бол улсын хил тэлэхийн шинж тэмдэг” гэж инээлгэж амжсан аж.
Богдын дэргэдийн нэг ноён “Хар гарт”-аас “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна” гэж асуухад “Хар гар минь байхад надад ямба хэргэм хэрэггүй. Ер нь зусар долдой, хээл хахуулаар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж пээдийжээ. Гэсэн ч Лувсангомбо жил тойрон Богд эзнээс ямар ч шан харамж аваагүй явснаа нэг өдөр хадаг бариулж “Хаан тамга хийсэн хүнд насаар нь цалин пүнлүү олгодог. Эсвэл түүний алдаг эртний ёсыг та мэднэ. Аль ч талаар нь таслахад мөхөс би бэлэн байна” гэж айлтгуулж орхижээ. Үүнийг сонсоод Богд эзэн Лувсангомбод сар бүр 30 төгрөгийн цалин олгож байх лүндэн буулгасан гэдэг. Тэр энэхүү цалингаа авсаар ардын хувьсгалтай золгож, 1921 ны 7-р сарын 30-ны өдрийн Засгийн газрын 8-р хурлаар цалин
нь цуцлагдаж, үлэмж тооны малаар шагнагдан үлдсэн аж.
3. Хашийн зарга үүссэн нь
Зайсан Цэнд өөрийнх нь олж өгсөн хашаар Богд хааны тамгыг хийж гүйцэтгэснийг сонсоод боржигон цэцэн ван Гомбосүрэнд бараалхаж “Чин ван Ханддорж над руу анх Содов зайсанг илгээхдээ “Хаш сайн бол үнэ хайрлахгүй” гэсэн юмсан.Надад Богд эзэн хишиг буян хайрлах болов уу? Та сонорт нь хүргэж, мөргүүлж өгнө үү” гэж хүсэж гэнэ. Гэтэл цэцэн ван учиргүй уурлаж “Тийм байдаг юм уу? Тэр чулууг аль газраас, хэний санал санаачлагаар ухаж олсноо бичиж өг. Чулуу эрж, малтсан хүмүүсийг хэрхэн шийтгэдгийг чи мэдмээр юм” гэж хууль ярьж загнасан аж. Цэнд зайсан тэр хашийг ухаж аваагүй гэдгээ
учирлаад, зарга үүсгэхээ хэлээд гарч одож гэнэ. Тэр хэлсэн амандаа хүрч Шанзавын яамаар орж хашийг анх хэрхэн олж, эзэмшиж байсан болон ван Гомбосүрэн завсраас нь ашиг хонжоо харсан зэргийг айлтган зарга үүсгэжээ.
Нэгэнт Цэнд зайсан нь шавийн хүн байсан учир Шанзавын яам ч
түүнийг хамгаалах нь тодорхой байв. Байдлыг мэдсэн ван Гомбосүрэн дотоод хорслоо битүү нууж Цэнд зайсанд “ Урьд ноёны албат болж явсан хэлхээ холбоогоо бодож, хашаар хааны тамга хийснийг баяр болгож заргалдахаа түдгэлзэнэ үү” гэж учирласан боловч далдуур Цэнд зайсанг шавиас буцааж аваад оронд нь өөр өрх айл өгч гартаа оруулж эд бад хийхийг бодож хөөцөлджээ. Гэвч Шанзавын яамнаас түүнд “Цэнд зайсан нь урьд нэгэнт шавь болсон хүн учир арилжиж болохгүй” гэж хариу өгчээ. Түүгээр үл барам Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд уул заргыг хянаж үзээд “Бид тэр хашийг
Цэнд зайсангаас гардан хүлээж авалгүй, ван Гомбосүрэнгийн “Би
худалдан авч Богд эзэнд өргөж байгаа юм” гэсэн үгээр орсноос ийм их будлиантай хэрэг болсон явдал бидний омтгойдсон ял мөн тул дээрээс яллахыг гуйна” гэж Богд эзэнд мэдүүлсэн байна. Богд уул заргыг нарийвчлан судалж үзээд “Гомбосүрэн ингэж дордыг дарлан, басхүү зүйгүйгээр гоёлхийлэн явсан нь үнэхээр нийцэхгүй. Зүй нь хүндэтгэн чангалан цээрлүүлбэл зохих боловч уг зүйл эрхэм чухал тул бэлгийг бодож, хүндээр шийтгэхийг уучлан хэлтрүүлж, энэ удаа Гомбосүрэнгээс 500 лан мөнгө хөөн гаргуулж Цэндэд шагнан олгоод улсын сангаас гаргуулахыг байлгаж, Гомбосүрэнг нэвширтэл ташуурдаж ,. Цэнд даруй хувь зохиолтой хүн мөнийн тул үе улираан дэд зэрэг жинс шагнагтун. Цэрэнчимэд нар хэдий омтгойдсон боловч өөрсдөө ял гуйсны учир хэлэлцэхгүй болгогтун” гэж зарлиг буулгажээ.
Ийнхүү хаан тамга сийлсэн хашийг олж өгсөн Цэнд зайсан шагнал хүртэж, шунаг сувдаг сэтгэл барьсан ван Гомбосүрэн дэд сайд болон чуулганы даргаасаа огцорсноор зарга шувтарчээ. Энэ явдал нь төрийн их хэргийн дэргэд жижиг мэт боловч аливаа буруу үйлийг бичил жаахан гэж алгууралгүйгээр шударгаар шүүн шийдвэрлэж байсан нь өнөөгийн төр засгийн түшээ нарт ч сургамжтай хэрэг ажгуу.
Даваадаш Нацаг
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ