УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төрийн хэчнээн төгрөг байгаа талаар тодрууллаа.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Чингис хаан банкинд төрийн 145 тэрбум төгрөг байгаа бөгөөд "төлбөрийн чадваргүй болсон" гэсэн дүгнэлт гарч, удаа дараа шаардлагууд өгч ажиллаж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Төв банк Хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөгийн зээл олгосон нь үнэн болохыг мэдэгдлээ.
Г.Дөлгөөн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд тодорхой хэмжээнд мөнгөн урсгалд нь өөрчлөлтүүд орж эхэлсэн. Пассив талдаа 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүгээрээ Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой эх үүсвэрийн мөнгийг төлж байна гэж ойлгосон. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ буурч байгаа нь үнэн. Одоо Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дээр төрийн сангийн мөнгөнөөс 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Төв банкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд оны өмнө 14 тэрбум төгрөг өгсөн. Covid-19-ийн үеийн нөхцөл байдлын үед аливаа банк тухайн нөхцөл байдлаас болж төлбөрийн чадваргүй болж, зохистой харьцаа алдагдахад Төв банкнаас тусламж үзүүлэх зорилгоор зээл олгоно гэсэн түр журам батлаад, хоёр жил орчим болж байна. Энэ хүрээнд нэг биш удаа тодорхой банкуудад дэмжлэг үзүүлсэн” гэв.