alim.mn | 2026.03.11
Итгэгчдээ сэтгэл зүйн дарамтад оруулан 20.4 тэрбум иений хандив цуглуулсан Нэгдлийн сүмийг татан буулгахаар шийдвэрлэлээ
Unification Church буюу Нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэрийг Токио хотын дээд шүүх гаргалаа.
Шүүхийн дүгнэлтээр тус байгууллага нь дагагчдаасаа их хэмжээний хандив авахын тулд зохион байгуулалттайгаар сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан нь тогтоогджээ. Харин сүмийн зүгээс уг хандивуудыг “шашны зан үйл, итгэлийн илэрхийлэл” гэж тайлбарласан боловч шүүх үүнийг үндэслэлгүй гэж үзсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу Нэгдлийн сүмийн шашны байгууллагын хуулийн этгээдийн статус хүчингүй болж, улмаар татвараас чөлөөлөгдөх эрх нь дуусгавар болох юм. Мөн тус байгууллагын хөрөнгийг хуульд заасан журмын дагуу татан буулгах ажиллагаа эхлүүлэхээр болсон байна.
Энэхүү сүмтэй холбоотой асуудал 2022 онд Япон Улсын Ерөнхий сайд асан Shinzo Abe амь насаа алдсан хэрэгтэй холбогдон олон нийтийн анхаарлын төвд орсон. Халдлагыг үйлдсэн этгээд мэдүүлэг өгөхдөө Абэ болон Нэгдлийн сүмийн хоорондын холбоонд дургүйцэж байсан бөгөөд өөрийн гэр бүл уг сүмд их хэмжээний хандив өгсний улмаас санхүүгийн хүндрэлд орсон гэж тайлбарласан байдаг.
Үүний дараа Японы эрх баригчдын явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Нэгдлийн сүм нь албадлагын шинжтэй хандив цуглуулах арга хэрэглэж, 1,500 гаруй итгэгчдээс нийт 20.4 тэрбум иен (ойролцоогоор 470 тэрбум төгрөг) цуглуулсан байж болзошгүй нь тогтоогджээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ