alim.mn | 2025.01.06
Казакстанд цагдаа цэргийнхнээс 95 хүн шархдаж бэртсэн, 37 албаны машин шатан онц байдал зарлажээ
Шахмал хийн түлшний үнэ нэмэгдсэнээс болж Казахстан даяар эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэнтэй холбогдуулан тус орны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын тушаалаар 2 ч нутагт Онц байдал зарлав. Алма-Ата хот болон Мангистауск мужид шөнийн 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорио тогтоож, онц чухал объектуудын хамгаалалт болон нийтийн дэг журмыг сахиулах ажиллагааг улам хүчитгэжээ. Комендантын цаг 1 сарын 5-наас 1 сарын 19 хүртэл үйлчлэх аж. Түүнчлэн Ерөнхийлөгч Токаев Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авлаа. Ерөнхий сайдын үүргийг Алихан Смаилов түр гүйцэтгэнэ. Харин Сайд нарын шинэ танхим бүрдтэл Засгийн газрын гишүүд ажил үүргээ гүйцэтгэсээр байх аж.
Эрх баригчид нэг бус удаа түлшний үнийг буулгана гэж мэдэгдсэн ч эсэргүүцэл намдахгүй 3 дахь өдрөө үргэлжилж байна. Алма-Ата хот, Мангистауск мужаас гадна Жанаозен, Актау, Астана, Актоба хотод ч эсэргүүцэл өрнөж байгаа. Мангистауск мужийн захиргааг хүчээр дайран эзлэх гэж жагсагчид оролдож байна.... Алма-Ата хотын төв талбайд бараг 1000 орчим хүн цугларч цагдаа нартай мөргөлджээ. Цагдаа, хүчнийхэн хий ашиглан жагсагчдын ихэнхийг төв талбайгаас шахан гаргасан байна. Анх шахмал хийн түлшний үнэ 1 литр нь 60 тенге байсныг 120 тенге болж нэмэгдүүлснээс Казахстанд эсэргүүцэл эхэлсэн билээ. Эрх баригчид одоо үнийг 50 тенге болгож буурууллаа гэж мэдэгдсэн ч эсэргүүцэл үргэлжилсээр байна. 
“Энэ эсэргүүцлийн хөдөлгөөн үнэндээ Казахстаны эрх баригчдад ноцтой аюул учруулах шинжтэй. 17 мужийн 8-д эсэргүүцэл идэвхжиж, өмнөд нутгуудад улам газар авч байна. Уг нь өмнөд нутгийнхэн хэзээд улстөрөөс хөндий байж ирсэн, гэтэл чухам тэнд эсэргүүцэл эхэлсэн нь маш осолтой. Энэ бүхний цаана хэн нэгэн бий....” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх үндэстэн хоорондын харилцааны Зөвлөлийн гишүүн Богдан Безпалько мэдэгдлээ. 
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 200 гаруй хүнийг баривчилсан тухай тус орны Дотоод хэргийн яамны сайтанд мэдээлжээ. Цагдаа цэргийнхнээс 95 хүн шархдаж бэртсэн, 37 албаны машин шатаж эвдэрсэн гэжээ. Харин энгийн иргэдийн талаарх мэдээлэл алга. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ