Казахстанд цагдаа, цэргийн найман алба хаагч, амиа алдсан гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн ням гарагт эхэлсэн бөгөөд өдгөө тус улсад эмх замбараагүй байдал болон хувираад байна.
Алматы хотноо жагсагчид захиргааны байрыг эзлэн авсан бөгөөд зарим хотод Назарбаевын хөшөөг буулган, дэлгүүрүүдийг тонож, тээврийн хэрэгслийг галдан шатаажээ. Хуучин нийслэл Алматыд дэлбэрэлт, автомат буугаар буудалцах чимээ сонсогдсон байна.
Тус хотын нисэх буудлыг жагсагчид мөн эзлэн авсан тул агаарын тээврийн компаниуд Алматы чиглэлийн нислэгүүдээ зогсоожээ.
Ерөнхийлөгч Токаев Аюулгүйн зөвлөлийн дарга болох Нурсултан Назарбаевыг буулгаж, зөвлөлийг өөрөө удирдахаар болсон талаар телевизээр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Тэрээр танхайрсан этгээдүүдтэй тэмцэхийн тулд хатуу арга хэмжээ авна гэв. Токаев "Урьднаас нарийн төлөвлөж, санхүүжүүлсэн хуйвалдагчдын хийсэн хэрэг болох нь харагдаж байна. Тиймээс төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаагийн хувьд хатуу арга хэмжээ авах болно" гэжээ.