alim.mn | 2024.12.21
Сумын сургуульд сурч эхэлсэн орос хэлээрээ Москвад суралцсан минь

 Орос хэлийг өдий хэмжээнд ажил, амьдралдаа хэрэглэх боломжийг олгож, суурийг тавьсан хүн бол Хөвсгөл аймгийн Галт сумын ЕБС-ийн 10 жилийн багш Л.Эрдэнэчимэг багш маань  билээ.  Багш маань бүх насаараа орос хэлийг олон мянган сурагчдад заасан гавьяатай хүн байдаг. Багшийнхаа ачаар арван жилд байхдаа 7 дугаар ангиасаа эхлэн жил бүр зохион байгуулагддаг аймаг, улсын олимпиадад амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалиудыг авч байлаа.

   Ингэж сумын дунд сургуульд суралцсан мэдлэгээ бататган, ОХУ-ын нийслэл Москва хотод очиж суралцсан маань  миний амьдралын хамгийн аз жаргалтай, өөрийгөө сорьсон, зорьсондоо хүрэхийн төлөө илүү их хичээсэн он жилүүд байсан юм.

    ОХУ-ын Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийг “Хэл шинжээч, орчуулагч-багш” мэргэжлээр 2015 онд төгссөн. Орос хэл сурч байгаа залуусын мөрөөдөл болсон Москва хотод очиж суралцан, Олон улсын харилцааны магистрын зэрэгт хүрч, ажлын гараагаа Үндэсний батлан хамгаалахын их сургуульд орос хэлний багшаар ажиллан эхэлж байлаа.  Багшийн ажлыг 4 жил хийгээд  2019 оны 11 дүгээр сараас Дотоод хэргийн их сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

   Олон хүн орос хэлийг сурахад хэцүү гэж ярьдаг. Ялангуяа суурь мэдлэг, эх хэлээ эзэмшсэн чадвар тааруухан бол үнэхээр амаргүй хэл. Одоо ч би өдөр бүр суралцаж, өдөр бүр мэдэхгүй үгээ судалж, суралцаж, баяжуулах шаардлага гардаг. Манай Дотоод хэргийн их сургуулийн хувьд гадаадын ижил төрөл мэргэжлийн 30 гаруй их, дээд сургууль, байгууллагатай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хууль сахиулах салбарын боловсон хүчинг бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг.

   Үүнээс 10 гаруй байгууллага нь ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа сургуулиуд байдаг учраас хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон төрлийн эрдэм шинжилгээний хурал, тэмдэглэлт үйл явдал, түүхт  ойг тэмдэглэх, албан захидал солилцох зэрэг ажилд орос хэл зайлшгүй хэрэгтэй байдаг.

   Би өөрөө энгийн сургууль төгссөн болохоор энэ салбарын үг хэллэгийг бараг мэддэггүй  байсан учир  хууль сахиулах салбарын үг хэллэгээр орос хэлний мэдлэгээ баяжуулах хэрэгцээ  шаардлага үргэлж тулгарч байдаг. Их сургуульдаа ажилласан хоёр жил гаруй хугацаанд тодорхой хэмжээгээр мэдлэгээ ахиулсан ч үргэлж шинэ үг орчуулах болдог. Дөнгөж ажилд ороод удаагүй байхдаа оросоор “оперативно-розыскная деятельность” буюу “гүйцэтгэх ажил” гэдэг үгийг “мөрдөн байцаах ажиллагаа” гэж буруу орчуулж байлаа. Мөрдөн байцаах гэдэг үгийг л сонсож байснаас гүйцэтгэх ажил гэдэг үг байдгийг ч мэддэггүй байсан үе юм. Гадаад харилцааны алба хашна гэдэг  мэдэхгүй гэж хэлэх эрхгүй, Их сургуулийнхаа нэр төрийг гадаадын хувь хүн байгууллагын өмнө өргөж явах хариуцлагатай ажил байдаг. Тиймээс илүү сайн сурна гэж хичээж ажиллаж байна.

   Ямар ч гадаад хэлийг сурахад монгол хэлний мэдлэг үнэхээр чухал гэж боддог. Эх хэлээрээ зөв бичиж, өгүүлбэрийн бүтэц, дарааллыг сайн мэддэг бол тухайн сурч байгаа гадаад хэлтэйгээ харьцуулж ойлгож сурахад дөхөм санагддаг. Жишээ нь монгол хэлээрээ нэр үг, үйл үг, тэмдэг нэрээ ялгахгүй, мөн үгийн язгуураа мэдэхгүй бол хар ярианы үг хэллэг л биш бол гадаад хэлээр  ялгаж ойлгож сурна гэдэг хэцүү гэж боддог. Тиймээс монгол хэлнийхээ дүрмийг сайн мэддэг хүнд орос хэлний дүрмийг ойлгоход дөхөм байдаг шүү  гэж зөвлөе. Хөрш орныхоо хэл, соёлыг судалж, суралцаж байгаа хүн бүхэнд амжилт хүсье.

 Захиргааны удирдлагын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн, дэслэгч Г.Оюунбилэг


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ