Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа мэдээлэв.
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Зэвсэгт хүчний техник, хэрэгслийг дотооддоо бүтээх, турших, үйлдвэрлэх судалгааг хийжээ. Судалгааны үр дүнд өнгөрсөн жилээс дотооддоо цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэх ажлуудыг эхлүүлсэн байна.
Тухайлбал, Зэвсэг засвар үйлдвэрлэлийн тусгай ангийн албан хаагчид, Монголын машин үйлдвэрлэгч холбоотой хамтран байлдааны хөнгөн хуягт гурван машин угсарчээ.
Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.Ганбямба "Монгол улсын Зэвсэгт хүчин анх удаа өөрийнхөө инженерийн боловсролтой офицер мэргэжилтнүүдийнхээ ур чадвараар хөнгөн хуягласан байлдааны автомашин үйлдвэрлэсэн. Зураг төслийг гаргаад, эд ангийг нь ч өөрсдөө угсарч гурван төрлийн машин бүтээгээд байна.
Эдгээр машинаа байлдааны буудлагатай тактикийн хээр сургуулилалтад ашиглаж туршиж үзээд, Зэсвэгт хүчнийхээ зэвсэглэлд нэвтрүүлсэн. Дайн, байлдаан болбол хэрэглэх бүрэн боломжтой гэсэн үг. Энэ бол Батлан хамгаалах аж үйлдвэрийг Монгол Улсдаа хөгжүүлэх бидний том зорилгыг суурь" гэлээ.