Хилийн зурваст эхлүүлсэн олборлолтыг түр зогсоолоо, бүрмөсөн зогсоох ёстой
Дорнод аймаг дахь Зүүн хилийн зурвас газар дээр "Меланж" гэх компаний нүүрсний олборлолт эхлүүлсэн. Хуулиар олборлолт явуулах байтугай мал бэлчээхийг хориглосон энэ газарт асар олон техник оруулсан тус компанийн ард нөлөө бүхий улстөрчид бий. Тухайлбал: УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболдын гарын хүн "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэ, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярыг эхнэрийн дүү Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарын хамаарал бүхий компаниуд байдаг. Одоо тэдгээр компаний үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Энэ талаар Дорнод аймгийн Сэтгүүлч С.Дэлгэр дараах мэдээллийг бичжээ.
УИХ-ын Байгаль орчин, Хүнс, ХАА-н байнгын хороон дарга Х.Болорчулуун иргэдийн гомдлын дагуу хилийн улаан зурваст уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа МЕЛАНЖ компанид газар дээр нь очиж ажиллан Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсны дагуу гүйцэтгэх захирал н.Өлзийдэлгэр өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажлаа зогсоолоо. Ашигт малтмалын тухай хуулийн 35-ын 4 дэх хэсгийг зөрчин, ажлын хэсгийн 18 зүйл заалт бүхий шаардлагыг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл яамнаас уурхайн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад үйл ажиллагаа эхлүүлсэн, мөн дээр нь БОАЖЯ-наас байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, хилийн зурваст үйлдвэрлэл эрхлэх Засгийн газрын тогтоол МЕЛАНЖ компани дээр гараагүй гэх зэрэг зөрчлүүд байгааг хэлж байна. Х.Болорчулуун ишүүнтэй хамт Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг, Экологийн Цагдаагийн алба, Байгаль орчны газраас албаны хүмүүс газар дээр нь ажиллаад ирсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ