alim.mn | 2025.01.02
“АР ХӨВЧ” ХЭМЭЭХ НЭГЭН ДУУНЫ УЧИР
“АР ХӨВЧ” ХЭМЭЭХ НЭГЭН ДУУНЫ УЧИР
Нэг. "Ар хөвч"
Ар хөвчийн унага нь
Агсамхан болоод жороо шүү
Амрагийн жаахан хүүгийнхээ
Аашинд нь буугаад мордлоо доо
Сүүмэлзэн сүүмэлзэн үзэгдэх
Сүмтэй будрын чулуу
Сүүтэлзэн сүүтэлзэн харагдах
Миний нэг алдрай юу зээ
Дэнжин нуурын шагшуурга
Дэнжээн дүүрээд шагширна
Дэмий хүний үртэй
Дэндүү юундаа даслаа даа
Хангайн уулын цас
Хайлан байж урсана.
Хайртай хоёр сэтгэл
Ханилан байж дасна даа.
Хоёр. Уртын дуу язгуурын дуу
“Ар хөвчийн унага” хэмээх уртын энэ дууны хэдэн бадаг шүлгийг унших бүртээ, дуугий нь чагнах болгондоо манай дээдэс яасан ч их авъяастай, билэг төгс хүмүүс байгаа вэ дээ гэж өөрийн эрхгүй бишрэн боддог юм.
Залуу нас гэнэн, хайхрамжгүй, тоомжиргүй. Уртын дууны үгийн ур, утгын гүнзгийрэл, уянга эгшгийг нь залуу насанд төдийлөн мэддэггүй, мэдье ч гэдэгггүй. Оронд нь харин энд тэндхийн элдэв дуу хөгжим л хачин гоё санагдана, автана, уярна, дагаж аялна, тэгэхээс ч өөрөөр яах билээ! Бид ч цагтаа тийм л байсан, хорвоогийн жам хойно, үе үеэрээ тэгж л цаашдаа явна. Уул нь язгуурын юм гэдэг цаанаа нэг ондоон. Нас явахын хэрээр монгол гэсэн юм болгон сайхан санагдана, учир утгыг нь мэдэхсэн гэнэ, хайрлаж хямгадах сэтгэл төрнө. Эмээ өвөө, эцэг эхээсээ нэг үг ч болохноон дуулаад авахгүй, хожимдож дээ гэж харуусна. Үрээс үрд засагдахгүй, залгамжилж дамжиж явдаг хорвоогийн энэ эндүүрлийг яалтай ч билээ.
Ер нь, хувь заяаны эрхээр ертөнцийн хаана ч аж төрж байсан ч би бол монгол хүн гэсэн далд чанадын бахархал, энэ миний Монгол орон гэсэн хайрлах сэтгэлийн ил гэгээн дөлтэй л явмаар. Эмээ өвөө, эцэг эхчүүд бид ч гэсэн хойч үедээ тасаршгүй тийм үр үндсийг суулгаж л баймаар. Тэрхүү үр үндэс гэдэгт эх хэл, эх хэлний эрдэнэсийн дээж болсон монгол түмний үг хэллэг, үлгэр туужис, домог түүх, оньсого таавар, ерөөл магтаал, дуу шүлэг цугаар л багтана.
Үг олдож, үхэр холдоно, олныг эс өгүүлэн, “Ар хөвч” хэмээх уртын дуу болон бусад зүйлсийн талаар алдарт гавъяат дуучин Жигзавын Дорждавга гуай Жамцын Бадраа гуайд юу хэмээн хүүрнэснийг дам хүргэе.
Гурав. Дорждагва-Энэ нэр эгнэгт мөнх
Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу буюу өнөөгийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Дэрсэнэ хонд гэдэг газар 1904 онд төрсөн Дорждагва хүү засаг ширээт ламын дуучин гэгдсэн эцэг Жигзавынхаа нөлөө хүчээр хар бага наснаасаа уртын дуу дуулах арга ухаанд гүнзгий нэвтэрчээ. Нутгийн нэрт дуучин Чимэдцэрэнгээс авахуулаад, алдарт дуучин Магсар хурцын Дугаржав, хан Хэнтийн дуучин чавганц багш хэмээх Лувсангомпил, Засагт ханы Поврон, Цэцэн ханы Гомбо зэрэг аль дөмөг гэсэн дуучин бүхнээр багшлуулах хувь түүнд тохиожээ.
Өөрөө дуулж, урт богины олон дуу зохиож, ном бичиж, уртын дуу нотолж, бусдад зааж сургаж явсаар 1991 онд насан өөд болохдоо элэрч баларшгүй өв сангаа үр хойчдоо үлдээсэн хүн бол Жигзавын Дорждагва гуай. Нэг тийм гэрч гэвээс их соён гэгээрүүлэгч Жамцын Бадраа гуайн уйгагүй зүтгэлээр хальснаа бууж, хожмоо Нацагийн Жанцанноровын цуцашгүй хөдөлмөрөөр цааснаа буусан арван таван цагийн бичлэгээс бүрдсэн “Их дуучны яриа” хэмээх нэгэн хосгүй ном юм. Энэ ном үнэндээ эгнэшгүй бүтээл.
Дөрөв. Их дуучны хүүрнэлээс
Ж.Дорждагва гуай уртын дуу хийгээд “Ар хөвчийн унага”-ын талаар ийн хүүрнэжээ.
...Манай Монгол улс эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн дуу хөгжимтэй улс юм аа. Манай он тооллоос нэг зуун нэлээд өмнөхөд манайд Хүннү улс байсан. Хүннү улсын үед дуу хөгжим байсан. Ийм эрт дээр үеийн уламжлалт дуу хөгжим үе дамжих тусмаа улам боловсорч, аялгуу нь сайжирч, олон сайн дуучид, хөгжимчдийн гараар орж, улам сайхан болж явдаг уламжлалтай.
За тэгэхлээр, монгол ардын дууг хөгжүүлсэн дуучдаас бидэнд мэдэгдэж байгаа төлөөлөгчдөөс дурсаж ярих хэрэгтэй болно. Жишээлбэл, XIII зууны үест байсан Аргусан хуурч Монголын дуу хөгжмийн анхны түүхэнд орж л яваа хүн. “Ордны алтан хуурыг аваад арван жил суралцсан, цааш нь хорин жил сурлаа” гэж бичээстэй байдаг. Тэгэхлээр арав, хорин жил гэдэг тийм бага биш, ихээхэн сурч боловсорч, ерөөх, хөгжимдөх аргыг сурсан хүн. Монгол ардын дуу чухам жинхэнэ боловсорч ирсэн цаг гэхлээр бидэнд мэдэгдэж байгаагаар бол, XVIII–XIX зууны үест монгол ардын дуунд олон сайчуул гарчээ. Тэр мэдэгдэж буй дуучдаас Хөхөө Намжилыг дурсаж болно.
Хөхөө Намжил гэдэг хүн бол одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сум тухайн үеийн Балдан засгийн хошуунд XVIII зууны дунд үеэр аж төрж байсан гэж үзэж болохоор. Хөхөө Намжилын хийсэн дуу болов уу гэхээр “Ар хөвч” гэдэг дуу байдаг. Үг аялгууны талаар бодож үзэхэд, Хөхөө Намжил хийж гэж бодогдож байна. Хөхөө Намжил Алтайн харуулд байж байгаад нэг хүүхэнтэй ханилаад, тэр хүүхэн нь нэг сайн морь өгсөн гэдэг. Тэр морь нисдэг барьдаг юм л гэдэг. Тэр нь ч мэдэхгүй. Гуурстай сайн морь л байсан юм биз дээ. Цуцдаггүй. Тэр мориороо Алтайн харуулд танилцсан хүүхэнтэйгээ очиж уулзаж ирдэг. Сүүлдээ Хүрмэнийнхээ нутагт байсан хүн. Тэр морь цуцдаггүй байсан болохоор дуртай цагтаа явдаг байсан юм байх.
“Ар хөвчийн унага, алтан тогос бор” гэх морь нь далавчтай байсан гэж ярьдаг. Тогос гэдэг нь шувууны нэр байх. Тэр ч хамаагүй байна. Үүнээс юугаар нь мөн гэж үзэж байна гэхээр Гурвансайханд байгаа нь болбол Алтай өвөрт байгаа хэрэг. Алтайн нурууны үргэлжлэл нь Гурвансайхан. Тэгэхээр Алтай нуруугаа Хөхөө Намжил өвөрт нь байгаа болохоор Ар хөвч гэх нь аргагүй.
Хөхөө Намжил XIX зууны дундуур нутагтаа Алтайгаас эргэж ирсэн хүн. Балдан засгийн хошуу бол харуулын алба хаахдаа Алтайд хаадаг юм. Балдан засгийнхан бол Жонон харыг онц сайн дарна шүү дээ. “Засгийн жонон” гэж манай нутагт хүртэл нэртэй. Яагаадав гэхлээр магадгүй, Хөхөө Намжил тэр алтан тогосыгоо үхэхлээр шир сүүлээр нь хуур хийгээд жонон дарсан гэдэг тэр үнэн юм байлгүй. Жонон гэдэг чинь жороо морины явдал шүү дээ.
Бүүр жаахан байхад манай эцэг Жигзав гэдэг хүн, Хөхөө Намжилын тухай ярьж байх нь болбол сайхан дуулдаг, цэргийн харуулд явсан хүн, тэгээд нэг сайхан морьтой ирсэн. Тэгээд яагаад энэ Хөхөө гэдэг нэрийг олсон юм бэ гэхээр онцын сайхан хоолойтой дууч хүн болоод тэгээд хөхөө гэж цол өгсөн юмаа гэж манай эцэг тэгж ярьсан. Энэ хүн чинь хаанахын хүн бэ гэхээр Балдан засгийн хошууны хүн гэсэн.
Их сайхан хоолойтой дууч хүн гэдэг нь юугаар мэдэгдэж байна гэхлээр, нэгдүгээрт, ард түмний яриа хөөрөөнөөс, хоёрдугаарт, хийсэн дууны нь царааг авч үзэхэд мэдэгдээд байна. “Ар хөвч”-ийг хийсэн нь өөрөө их аралтай сайн дууч байжээ. “Ар хөвч” давхар шуранхайтай. Давхар шуранхайтай дуу гэдэг болбол ер нь сүрхий дуу байна гэсэн үг. Түүнээс биш “Хэрлэнгийн баръя” энэ тэр бол дан шуранхайтай шүү дээ. “Ар хөвч” болбол нэг шуранхайлаад эргэж ирээд дахиад шуранхайлаад унадаг.
Тэр монгол дууны нэг их хэцүү хийц нэгдүгээрт, дээд талдаа нарийн нандин юмтай, хэцүү дуунууд давхар шуранхайтай байдаг. Тэгэхээр энүүнийг хийх хүн бол өөрөө сайн дуучин байхгүй болбол барагтай хүн “Ар хөвч”-ийг хийчихнэ гэж ярихгүй шүү дээ. Мэдэхгүй Дугаржав багшаар хийлгэчихвэл арай ч тийм давхар шуранхайтай хийчихгүй л байх. Сайн л хийх нь хийх л биз. Дугаржав багш “Жавхлант сүрэг”-ээ хийхдээ дан шуранхайтай л хийсэн. Тэгээд “Ар хөвч” болохлоор давхар шуранхайтай л байдаг юм. “Алтан Богд” давхар шуранхайтай, “Замбуутив” давхар шуранхайтай. Тийм олон дуу давхар шуранхайтай гэж хэлэхгүй. Тэгсхийгээд л зогсоно доо.
Шуранхай гэдэг бол монгол дууны нэг тусгай хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, шуранхай гэдэг бол хүч хассан хоолой байгаа юм. Хар эрчинд нь хашгирахыг хэлдэггүй юм. Хүч хассан, тунгалаг, цэвэрхэн хоолойгоор шуранхайг хийдэг. Дугаржав багш шуранхайны тухай хэлэхдээ ингэж заадаг. Мөнгөн усыг болбол, термометрийн мөнгөн ус болбол албадлагаар гүйдэггүй, халуун хүйтний даралтаар л өөрөө гүйгээд байдаг. Тэрүүн шиг шуранхай тийм нэг их хүчдэлгүй. Тусгай бүр хүч хасагдсан хоолойгоор их цэвэрхэн, тунгалаг гарга гэж байгаа юм.
Чадвар шаардана. Сайн дуучинг шинждэг шинжилгээ бол яаж шинждэг юм бэ гэхлээр, нэг чанга дуулж байхдаа жигтэйхэн эвтэйхэн байдаг. Тэгээд хүч саачихлаад явдаггүй дуучин байдаг. Энэ бол дуучны чадал дутаж байна. Аяархан дуулчихдаа эвтэйхэн дуулчихдаг. Чангарахаараа чадахаа байчихдаг тийм дуучин байдаг. Энэ бол бас өрөөсгөл талтай. Сайн дууч гэдэг бол аяархан байхдаа ч хөөрхөн, чанга ч байсан сайхан. Ийм давхар шуранхайтай хийснийг үзэхлээр, энэ Хөхөө Намжил гэдэг хүн бол чадалтай сүрхий дууч хүн байсан нь мэдэгдэж байна. За тэгэхээр “Ар хөвч”-ийн үгэн дотор бол:
Сүүмэлзэн харагдах
Сүмтэй будрын чулуу
Сүүтэлзэн харагдах
Миний нэгэн алдрай
Дэнж нуурын шагшуурга нь
Дэнжээ дүүрээд ганхана
Дэмий хүний үртэй
Дэндүү юундаа даслаа гэдэг нь тэр нь юм уу, энэ дэх авгай нь юм уу, бүү мэд...
Тав. Их хүмүүсийн араншин
Ж.Дорждагва хэмээх тэр их алдарт дуучин, уртын дууны онолч хүн 1986, наян долоо оны үед зөвхөн “Ар хөвчийн унага” хийгээд тэр дууг зохиосон гэх Хөхөө Намжилын тухайд ийнхүү хүүрнэжээ. Чухам хэрэгтэй, аргагүй шимтэй хөөрөлдөөн гэдэг л “Их дуучны яриа”. Түүнийг хураан авч хямгадсан Ж.Бадраа, хүч заран буулгасан Н.Жанцанноров хэмээх энэ хүмүүст хэн хүнгүй талархалтай. Их хүмүүсийн ялгарах нэгэн онцлог бол өнөөдөртөө тэр бүр үнэлэгдэхгүй ч, хожмоо мөнхрөх зүйлийг нэгэн насандаа амжиж хийдэгтээ ч байж болох л юм аа.
Сэтгүүлч До. Чулуунбаатар
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ