УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хэвийн боов, бэлгийн зүйл тарааж, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. Хоёрхон сарын өмнө Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсан. Төсөв дээр үр ашиггүй зардал, хавтгайрсан халамжийн бодлого хэвээрээ байгаа. Манай улсын иргэдийн гурван хүн тутмын хоёр нь ажилгүй, ядуу байгаа тохиолдолд цементэн хөшөө барьдаг, цагаан сараар иргэддээ хэвийн боов, гурил тараадаг байдлыг хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1-т ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийн дуусталх хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалт байдаг. Одоогийн хуулиар бол та юм тарааж болно гэсэн зохицуулалт байгаа юм. Тиймээс хуулийн хязгаарлалт хийх хэрэгтэй.
Хэрвээ та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тараахгүй гэж хуульчлах. Хэрвээ ингэсэн тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ерөнхий зохицуулалтыг хуульд оруулахаар санал болгож байгаа. Энэ заалт нь зөвхөн УИХ-ын гишүүд биш, шат шатны сонгогддог албан тушаалтнуудад хамаатай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна.
Шат шатны сонгуульт албан тушаалтнууд дөрөв, зургаа жилийн хугацаанд иргэдээс санал авах зорилгоор ямар нэгэн эд, бэлгийн зүйл тараахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулах саналаа нэгтгээд хаврын чуулганд оруулах болно.
Иргэд зарим УИХ-ын гишүүдийг буруутгаад байна. Яагаад ийм зүйл болоод байна вэ гээд тухайн бэлгийг тарааж байгаа гишүүдтэй холбогдоход систем нь ийм байхад яах юм бэ гэдэг хариулт өгч байгаа" гэв.