Энэ хэрэг гарахад Авто тээврийн үндэсний төвийн ажилтны хариуцлагагүй байдал ч нөлөөлжээ. Мөрийтэй тоглоомын өрөнд орсон С.Б нь өрөө дарахын тулд "Юүйюань Монголиа Майнинг" компанийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг, албан бланк, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн гурван ширхэг чиргүүлийг нь “Хүннү Транс”-д шилжүүлэхээр Авто тээврийн үндэсний төвд очжээ. Төвийн ажилтан “чи өөр дээрээ итгэмжлэл хийлгэсэн юм чинь асуудалгүй байхгүй дээ” гээд нягтлан шалгалгүйгээр шилжүүлгийг хийж өгчээ. Гурван чиргүүлийн шинэ “эзэн” болсон "Хүннү Транс" ХХК нь олон улсын тээврийн зөвшөөрөлтэй компани гэнэ. 70 гаруй машинтайгаас өөрийн гэх нь ердөө 5-6 аж. Үлдсэн нь тухайн компанийн нэрээр тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүмүүсийх аж. Чиргүүл шилжигдэж ирэхээс өмнө өвөрмонгол Хасаа нь “Хүннү Транс” компанийн захиралтай холбогдож “гурван чиргүүл танай компанийн нэр дээр шилжүүлж тээвэр хийлгэе” гэжээ. Ингээд тэд нэг тонн тээвэрлэлтээс 2 юань авахаар тохирч удалгүй чиргүүл шилжүүлэх хэргээр С.Б гэх хүн ирж уулзжээ. Харин “Юүйюань Монголиа Майнинг" улс хоорондын байнгын ачаа тээвэр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол-Хятадын хамтарсан компани гэнэ. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас БНХАУлсын Ганц модны боомтын гаалийн хяналтын талбай хүртэлх зайнд хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Компанийхан Авто тээврийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй тээврийн хяналтын нэгдсэн системд өөрийн компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг оруулах явцад л гурван чиргүүлээ "Хүннү Транс"-ийнх болсоныг мэджээ.