Хөгжлийн банк хэзээд мөнгөөр хүүдэгнэж ирсэн газар. Ямартаа л цагаан сараар хамгийн гоё дээл өмссөн ажилтнаа шууд гурван сая төгрөгөөр шагнаж байх вэ. Тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн асан, тус зөвлөлийн гишүүн асан эдийн засагч Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шинэ оны өмнөхөн шүүх хэлэлцсэн.
Тэднийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон хэрэгт буруутган шүүсэн. Тэд Худалдаа хөгжлийн банкны төв байрны 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Энэ үнэ ханшийг гүйцэх үнэлгээ одоо ч Монголын түүхэнд гараагүй гэхэд буруудахгүй. Мөн В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авч, гэрээ байгуулсан байдаг.
Н.Мөнхбатын хувьд энэ үйлдлээсээ гадна арилжааны банкинд хугацаатай байршуулсан байсан Хөгжлийн банкны 4.6 тэрбум төгрөгийг хугацаа нь дуусаагүй байхад татан авч, Хөгжлийн банкинд хүүгийн алдагдал үүсгэсэн хэргээр шүүгдсэн юм.
Гэвч шүүхээс Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарын холбогдсон Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг эрх мэдлээ албаны эсрэг зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэм буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.
Шүүхээс Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг бүлэглэж Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;
Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан; Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан хэмээн тус тус буруутган ялласан хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банкинд 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.
Хөгжлийн банкинд хоёр ч удаа өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оруулан шалгахад, Хөгжлийн банк 2011 оноос хойш 5.5 их наяд төгрөгийг гурван сувгаар компаниудад зээлдүүлсэн гэж байлаа. Үүний 1.3 их наяд төгрөг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ямар нэг хууль тогтоомжийг зөрчсөн бол 3.8 наяд төгрөг эргэж олдох эсэх нь тодорхой болсон гэдэг дүгнэлт гарсан. Хөгжлийн банкнаас хямд эх үүсвэр татсан 2,000 гаруй компанийн эздийг зарлана гэж хэлдэг ч өнөөг хүртэл ил болгосонгүй. Харин 26 компаний нэрийг ил зарлав.