ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс хамтран шалгаруулдаг “Алтан төл"-ийн эзнээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин Б.Чинтөгс шалгарчээ. Шагналыг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тэргүүтэй албаны хүмүүс малчны хотонд очин гардуулж өглөө.
"Алтан төл"-ийн эзэн мал сүргээ үр төлөөр нь өсгөн арвижуулж, малынхаа үүлдэр, угсааг сайжруулахад анхаарч ажиллажээ. Малчин Б.Чинтөгс 400 гаруй үхэр малладаг бөгөөд 200 гаруй тугал хүлээн авч, өсгөн бойжуулсан байна. Залуу малчин Б.Чинтөгсийн өвөө шилмэл үүлдрийн хонь өсгөн үржүүлж, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртэж байсан аж. Харин түүний аав улсын гурван удаагийн аварга малчин. Удам залгасан буянт малын эзэн удмын үргэлжлэл мал сүргээ өсгөн үржүүлсээр ийнхүү алтан төлийн эзэн болжээ.