
Монгол Улсын Хөгжлийн банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард 26 чанаргүй зээлдэгчийн нэрсийг зарласан билээ. Тэгвэл үүний дараа буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг албан ёсоор зарласан юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А-09 тоот Тушаалаар шинэчлэн баталсан.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас чанаргүй зээл болон шүүхэд шилжсэн зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бол дээрх батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг мэдээлж байна.