alim.mn | 2024.12.25
Л.Оюун-Эрдэнэ: Хятад бол Монгол Улсын алтаар ч солимгүй сайн хөрш
Өчигдөр буюу 2-р сарын 6-ны үдээс хойш "Бээжин-2022" өвлийн олимпын нээлтэд оролцохын сацуу Хятад улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ.
 
Энэ үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг уламжилсан байна. Мөн Л.Оюун-Эрдэнэ: "Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтэд цар тахлыг даван туулах итгэл зоригийг өглөө. Олимп бол хүн төрөлхтний энх тайван эв нэгдлийн бэлэг тэмдэг. Иймээс биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол улс эрс эсэргүүцнэ. Монгол Улсад цар тахал хамгийн хүнд байх үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солимгүй. Хятад улс бол Монгол улсын алтаар ч солимгүй сайн хөрш. Хятадын хөгжил Азийн имижийг дэлхий нийтэд өндөр болгосон. Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын "Шинэ Сэргэлтийн" бодлогыг “Бүс ба Зам” санаачилга, Хятад улсын 14-р таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна" гэжээ.
 
Түүнчлэн тэрээр МАН-ын даргын хувьд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд дахин баяр хүргэж, ХКН-ын 20-р их хурал амжилттай болохыг, ХКН-тай хамтран нам хоорондын солилцоо, төр улсаа засах туршлага солилцоогоо эрчимжүүлэхийг хүссэн байна. 
 
 
 
сонин mn
 
Харин БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Л.Оюун-Эрдэнээс хүсээд, : "Хятад Монгол хоёр орон уул усаар залгалдсан найрсаг хөрш. Хятад Монголын харилцааг сайтар хамгаалж хөгжүүлэн, тогтвортой байлгах нь хоёр орны язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг сонирхолд нийцнэ. Хятадын тал элэгсэг дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монгол улстай харилцаагаа хөгжүүлэхийг баримталсаар ирж, Монголын талтай хамтаар хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэлээ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ