Дуучин Т.Цамбалхүндэв: Аваргад “Би чиний арав түрүүлсний нэгэнд нь би барилдаж түрүүлсэн гэвэл болохгүй биз дээ” гэж бичсэн
“Чулуутын голоор”, “Будантай юу буурал хорвоо доо”, “Жаргалтай үрсийн дуу”, “Хайрын төөрөг” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлийг өөрийн гэсэн донж маягтай, ур хийцтэй, зөөлөн торгомсог, дахин давтагдашгүй, хоолойгоороо мөнхөлсөн дуучин бол Соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүндэв. 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны сүүл хүртэлх үеийг түүний уран бүтээлийн иртэй, зүстэй, адтай, одтой гялалзаж явсан үе гэхэд хилсдэхгүй. Намбалагхан дүртэй усгал зөөлөн харцтай уянгалаг хоолойтой түүний дуулсан дуунууд тэр үеийн залуусын сэтгэл зүрхэнд яруусан эгшиглэж мянга мянган зүрхийг дуундаа жаргаасан. Монголын үндэсний радиогийн “Алтан фонд”-д ирсэн 9000 захидлын 4000 нь Т.Цамбалхүндэвт хаягласан гэж бодохоор л юутай их сэтгэлийн хүчтэй урсгалыг тэр өрөөл рүү ч, өөр рүүгээ ч давлагаалж байсан юм бэ.
-Та урлагийн амьдралтай хэрхэн холбогдсон бэ?
-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн. Манай сумын дуу, хөгжмийн багш “Туждаа хамт явах юм сан” дууны үгийг бичсэн Б.Цогоо гэж хүн байсан. Цогоо багш гуулин хөгжмийн хамтлагтай байлаа. Тэндээс л урлагийн гараагаа эхэлсэн дээ. “Ээждээ өргөх дуу” гэдэг дууг зохиогоод надад дуул гээд өгч байсан. Удалгүй би цэрэгт явж ирээд Хэнтий аймгийн “Хан Хэнтий” соёлын ордонд “Жонон хонгор” гэдэг дууг зохиосон Л.Дашням багшийн удирдлага дор ажилласан. Багшийн дээд сургуулийн найрал дууны ангид шалгуулаад тэнцсэн боловч аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсээс танай аав чинь улс төрийн хэргээр ял шийтгүүлж байсан байна. Тиймээс таныг сургах боломжгүй гээд хассан. Тэгээд Соёлын ордондоо дуучнаар ажиллаж байгаад 1979 онд жолооч болж, тээврийн тэрэг барьсан даа.
-Урлаг, соёлоор ангаж цангаж явсан ард түмний дунд нэгэн тод дуу хоолой , өнгө төрх болж ирсэн залуу цагийн түүхээсээ хуваалцана уу?
-1989 онд “Алтан намар” хөгжмийн наадам болов оо. Б.Зангад гуайн “Ай даа, намар цаг, алтанхан сайхан цаг” гээд л сэтгэл хөвсөлзүүлсэн дуу нь хит болж байлаа. Тэр наадамд давхиж очоод л орлоо доо. Улсын филармоний Баянмонгол чуулгын хөгжимтэй “Жаргалтай үрсийн дуу”-гаа дуулсан. Тэр цагаас эхлээд дуу маань радиогийн “Хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлэг”-ээр үй зайгүй цацагдаж эхэлсэн. Миний ая, шүлгээр бүтсэн “Ганцаар жаргадаггүй хорвоо” дуугаа Өвөрмонголын Шилийн богд, Хөлөнбуйрт дуулж явлаа. Одоо ч гэсэн миний дуутай кассет Өвөрмонгол айлд байдаг юм байна лээ. “Ганцаар жаргадаггүй хорвоо”, “Чулуутын голоор”, “Дууг минь дуулаарай”, “Анхилам сарнай” шилдэг дууны түүвэр цомог гээд нийт таван цомог гаргажээ. Уран бүтээл бүхэн өөрийн гэсэн түүхтэй, залуу цагийн омголон эрч хүч ханхийх шиг болдог юм.
-Тухайн цаг үед таны дуунд дуртай сонсогчдоос мянга мянган захиа ирдэг байсан гэдэг?
-1980-1990 онд Монголын үндэсний радиогийн “Алтан фонд”-д ирсэн захидлууд одоо ч гэсэн хадгалагддаг. Тэр үед телевизээр гарах завшаан ховор. Улсын ардын дуу бүжгийн чуулга зэрэг мэргэжлийнхэн л гардаг байлаа шүү дээ. Монголын радиогийн Ч.Буянхишиг эгчтэй таартал чамд захидал ирсэн уншаарай л гэж байна. Эрдэнэтээс нэг хүүхэн Цамбалхүндэв дуучныг амьдаар нь дуулуулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байсан /инээв/. Тэр үед 9000 захидлын 4000 нь надад хаягласан байлаа.
-Таны залуу цагийн бичлэгийг үзсэн. Олон сайхан дуу дүрсжүүлж амжжээ?
-Ч.Дагвадоржийн шүлэг, С.Цэрэнчимэдийн аялгуу “Будантай юу буурал хорвоо доо” дууг 1990 оны “Цагаан лавай” уралдаанд дуулж түрүүлсэн. Ийнхүү зурагтаар гарах завшаан тохиосон юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэр үед “600 студи”-д ажиллаж байсан. Миний гитартай зургийг зохиомжилж аваад л зурагтаар клип маягаар, теле концерт хийж байлаа даа. Монголын үндэсний телевиз миний долоон дуунд клип хийж дүрсжүүлж өгсөн. Залуу насыг минь мөнхөлсөн дуунууд хааяа зурагтаар гарахад их сайхан шүү.
-Таны дуунуудаас тайзан дээр гарахад хамгийн их дахиулдаг, хүмүүсийг автуулдаг ямар дуу байсан бэ?
-А.Эрдэнэ-Очирын шүлэг, Б.Бямбабаярын аялгуу “Хайрын төөрөг” дууны хөгжим нь явж эхлэхэд л хүмүүс алга ташдаг байлаа.
”Аясын бүүвэйн салхин дундаа
Хээрийн цэцэг ганхана аа, ай хө
Амраглаж жаргаж үй зайгүй даслаа ч
Амьдралд хамтдаа байх биш дээ хө
Хорвоо минь бидэн хоёрын заяа тийм дээ хө” /дуулав/
гээд л дуулаад ирэхээр хүмүүс дагаж дуулаад хэчнээн сайхан гээч. Б.Явуухулангийн шүлэг, миний аялгуу “Намрын уянга” дуунд ч хүмүүс их дуртай.
-Таны дуулсан “Чулуутын голоор” дуу одоо ч ард түмний хайртай дуу шүү дээ?
-1997 онд Үйлдвэрчний соёлын төв ордонд “Чулуутын голоор” гэдэг тоглолтоо хийсэн. 1996, 1997 онд дараалан шилдэгт шалгарч байсан дууныхаа нэрээр тоглолтоо хийсэн минь тэр. 2002 онд Бөхийн өргөөнд нэг тоглолт хийсэн. Бүх л аймгаар аялан тоглолт хийж явсан даа. Чулуутын голоор” дуугаа Архангайн Чулуутын голоор мөн ч их дуулсан даа.
“Түшиг хангайнхаа мэндийг тээсээр
Түшээ гүн рүүгээ мяралзаад л байна уу даа
Чулуутын гол оо хөө“
гээд л дуулахаар Чулуутын гол улам л харгин урсах шиг болдог юм.
-Уран бүтээлч хүнд алдаа, оноо хосолж л байдаг. Таны хувьд юунд их хөндүүрлэж явдаг вэ?
-Хөдөө орон нутагт байсан учир юм бүхэнд оролцоод, цэвэр уран бүтээлээ туурвих боломж муу байсан. 1990 оны Морин хуур наадамд орох гээд МАЗ машины чиргүүл дээр эсгийгээр өөрийгөө тунтарчихсан хот руу ирж яваад дугуй хагарав. Үйлдвэрчний соёлын ордонд хожигдоод иртэл С.Цэрэнчимэдийн аялгуу, Ч.Дагвадоржийн шүлэг “Ээж минь дээ” дууны дуучин ирж амжаагүй учир ая зохиогчоор өөрөөр нь дуулуулна гээд зарласан. Би хөшигний ард буриад цацагтай малгайтай, үстэй дээлтэй хөгийн юм зогсоод л үлдсэн дээ. Тэгээд л С.Цэрэнчимэд Морин хуур наадмын үзэгчдийн шагнал хүртсэн.
Тээвэрчдийн 60 жилийн ойд 1985 онд С.Цэрэнчимэдийн үг, ая “Амьдрал хайр дээр тогтдог” дууг би анх дуулсан юм. Тэр дуугаа дуучин Н.Төмөрхуягт заагаад өгчихсөн юм. 1987 онд Ажилчдын урлагийн анхдугаар их наадам болж, Чуулга дээр Н.Төмөрхуяг таараад “Миний найз явж бай даа. Шинэ тэргээ албаны гадаа удаан зогсоогоод яах вэ. Долоодугаар сард радиогийнхон ирнэ гэж байна. Тэр үед би чамайг дуудъя” гэхээр нь гэнэдээд яваад өгөв өө. Хэнтий аймагт давхиж явтал радиогоор Н.Төмөрхуяг дуулж байдаг байгаа. Машинаа огцом тоормослоод л сонслоо. Нэг дуугаа тэгж алдаж байсан юм. Дараагийнх нь Н.Төмөрхуягтай Өмнөдэлгэр сумаас гараад давхиж байтал цас шуураад Жаргалтхаан суманд хоноод урагшаа Дуутын даваа давж явтал цасанд суучихав аа. Машинд бид хоёр буу халж суухдаа би “Хорвоод ганцхан ээждээ” гэдэг дууu оюутнууд дуулаад байдаг юм, зохиогч нь тодорхойгүй юм байна лээ, би хот ороод энэ дууг бичүүлнэ гээд ярьчихав аа. Тэгтэл ажил амьдрал гээд завгүй тууж явах хооронд радиогоор Н.Төмөрхуяг дуулж байгаа байхгүй юу. Н.Төмөрхуяг нас барахынхаа өмнө жаахан халамцуухан байхдаа гарыг минь бариад уйлж байгаад ярьж байсан. “Би чамаас сайхан дуу олныг сурсан. Би чамайг багшаа гэж бодож, баярлаж явдаг шүү” гэсэн. Бид хоёр сайн ч, муу ч 30-40 жил үерхсэн дээ. Найз маань дуу голдог, намбай, нандин хүн шүү дээ. Энэ дуунууд үнэхээр таалагдсан юм байлгүй дээ. Архинаас болж Н.Төмөрхуяг, С.Цэрэнчимэд, Г.Мөнхбаяр гээд олон сайхан дуучид минь мөнх бусыг үзсэн дээ /санаа алдав/.
-Залуу цагтаа алдар нэрд эрэмшээд, дарвиж цэнгэж л явсан байх даа?
-Тэгэлгүй дээ. Дарга нар архи өгч авч их давхина аа, мөнгө ч өгөхгүй дээ. Сүүлдээ бодлоо. Архичин болох нь больё гэж шийдээд огт архи амсахаа болиод дарга нараас зугтаадаг болсон. Дүнзэн байшиндаа 200-ын цагаан орныхоо доогуур гудас дэвсээд наагуур нь хөшиг татаад хэвтчихдэг болсон. Аймгийн дарга цэрэг, намын хорооны төлөөлөгч гээд бүгд л намайг сураглаж ирнэ. Хүүхдүүд “аав байхгүй ээ” л гэдэг болсон. Тэр үед шугамын радио, монгол телевиз хоёроос өөр үзэх, сонсох юмгүй ард түмэн чинь дуучдаа хүндэтгэнэ гэж чухамхүү их. Ихэнх сайхан уран бүтээлчид маань архинд орсон доо. Архи уух, уухгүй гэдэг чинь сэтгэлийн хаттай холбоотой. Алдар нэрд умбаж явахад архиар угжиж гудамжинд гаргачихаад алсуур тойроод зугтаадаг нь хүний араншин шүү дээ.
-Тэр үеийн болон орчин үеийн уран бүтээлч залуусын уран бүтээлдээ хандах хандлага хэр ялгаатай байна вэ?
-Тухайн үед залуус жинхэнэ сэтгэл зүрхнийхээ дуудлагаар уран бүтээлээ хийж, өөртөө таашаал авч дуулдаг байсан бол одоогийн залуус бүгд од болох гэсэн бодолтой. Бидний үеийнхэн хүнд хүрээгүй дуу дуулж анхдагч болъё гэж тэмүүлдэг байсан бол одоогийн залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй, хүнд хүрээд, улиг домог болчихсон, эзэнтэй дууг гоочлоод эрэмдэглээд байх юм. Жишээ нь Хумбагарын Батмэнд “Атрын 60 жил”-ээр П.Адарсүрэнгийн “Ургацын далай”дууг дуулж байна. Би тийм аргил баргил хоолойтой байсан бол өөрийнхөө хоолойд тохирсон цор ганц дууг л дуулах байсан. Би түүнд харамсаж байгаагаа өөрт нь хэлсэн. Цалбалхүндэв Цамбалхүндэвээрээ, Адарсүрэн Адарсүрэнгээрээ, Батмэнд Батмэндээрээ л байх ёстой. Хүмүүс намайг “Алтан шар зам“ дууг дуулаач гэж хүсэлт их ирдэг л дээ. Тэр дууг Д.Банзрагч гавьяат дуулаад аль хэдийн хүнд хүргэчихсэн, өндөр босгыг нь тавьчихсан болохоор ямар ч сайн дуучин түүний энд хүрэхгүй.
-Та уугуул нутгийнхаа төдийгүй улс Монголынхоо төлөө Бурхан Халдун уулаа дэлхийн өвд бүртгүүлсэн гавьяатай хүн юм билээ?
-Би Бурхан Халдун уулынхаа жимсийг түүж идэж өссөн хүүхэд. Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсан
“Өндөр дээд Бурхан Халдунаа
Өглөө бүр мялааж
Өдөр бүр тахиж
Үеийн үед
Үе тутам шүтэж бай”
гэж Эзэн Чингис хааны зарлиг буй. Эзэн хааныхаа захиасыг биелүүлсний чинь төлөө чих нь онгорхой төр байдаг юм бол Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлсний чинь гавьяад чамд гавьяат байтугай өгчих ёстой” гэж хэлж байхад нь би тэгж ч арай болохгүй ээ гэж сүрдэж байсан.
-Гавьяат гэснээс таныг хүмүүс аль хэдийн гавьяат болсон л гэж боддог юм байна лээ?
-Өнгөрсөн хавар гавьяатад тодорхойлсон. Олон хүн намайг гавьяат цол авчихсан гэж боддог юм байна лээ. Би ч авъя гэж хөөцөлддөггүй хүн дээ.
-Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд ямар материал бүрдүүлж, хэчнээн цаг хугацаа зарцуулсан бэ?
-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлэх гээд материал бүрдүүлж ЮНЕСКО-д явуулсан боловч хүлээж аваагүй. Яагаад гэвэл улс төрчдийн хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн журамтай юм байна. Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлэхэд орон нутгийн иргэдийн хүсэлтээр бүртгэдэг. Айлуудаар явж 200 гаруй хүний гарын үсэг зуруулж, дэлхийн 43 орныг эзэлсэн их удирдагчийн хаан ширээнээ заларч байсан Хан уул бөгөөд хаан эзэн тэнгэр эцэг, газар эхийн ивээлээр хаан эзэн боллоо гэж энэ уулан дээрээ гарч залбирч байсан түүхтэй гэдгийг англиар орчуулаад Ц.Оюунгэрэл сайдад 2015 онд өргөн барилаа. Сайд ч сайхан хүлээж авсан. Э.Оюунболд түрүүлж арслан болдог жил Франц улсад хэлэлцээд, 2016 онд дэлхийн өвд бүртгэгдсэн нь их бэлгэшээлтэй санагдсан.
-Бурхан Халдун уулаа дэлхийн өвд бүртгүүлэхэд нутаг орноос гарсан улс төрчид болон удирдлага хэрхэн тусалсан бэ?
-Б.Бат-Эрдэнэ аваргад удаа дараа хандаж байсан боловч за ч гээгүй, үгүй ч гээгүй хэр нь саяхан “Би Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлсэн” гээд өөрийнхөө цахим хуудсанд бичсэн байна лээ. Тэгэхээр нь “Би чиний арав түрүүлсний нэгэнд нь би барилдаж түрүүлсэн гэвэл болохгүй биз дээ” гэж бичсэн. Гэтэл надад гардуулсан шиг батламж бичиг маш олон хүнд тараасан юм билээ. Тухайн үеийн аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар ч “би бүртгүүлсэн” гээд ч явж л байсан.
-Цаашид ямар уран бүтээл туурвиж сонсогч түмэндээ бэлэг барих гэж байна даа?
-Бурхан Халдуны тухай нэг сайхан шүлэг бичих юм сан гэж боддог. Шүлэг бичээд л өөрийгөө хөглөж явна даа. Хамгийн сүүлд би яруу найрагч Г.Мөнхцэцэгийн “Чи намайг санаж л байгаа даа” шүлэгт ая хийсэн.
-Тоглолт хийх бодол байгаа юу?
-Ард түмнээс тоглолтоо хийгээч гэсэн хүсэлт их ирдэг. Тоглолтын тал дээр дэмжиж, хамтарч ажиллая гэсэн санал тавивал хүлээж авна гэдгээ энэ дашрамд илэрхийлье.
Ярилцсан А.Сүглэгмаа
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗОЧИН
2 жилийн өмнө
202.179.27.179
Сайхан дуучны аязад 30 жил сүлэр ч явна доо. ТОГЛОЛТОО ХИЙГЭЭСЭЙ. 1000 САРНАЙТАЙ ОЧИХ ЮМСАН.
Төстэй мэдээ