
МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерүүд гадаадын орнуудын нисэх онгоцны техник үйлчилгээг эх орондоо хийж гүйцэтгэж байна. Манай нисэхийн инженерүүд гадаад, дотоодын агаарын хөлгүүдийг 2014 оноос бие даан засварлаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд 5 орны агаарын тээврийн 13 компанийн 83 нисэх онгоцны их засварыг хариуцан хийжээ. Европын орнуудад хийдэг их засвартай харьцуулахад манай улсад 2 дахин бага өртгөөр нисэх онгоцыг засварладаг аж. Агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийхэд БНХАУ-д нэг хүн/цагаар тооцоход 40-45 ам.доллар, Европ, АНУ-д 80-100 ам.доллар байдаг. Харин манай улс 35-40 ам.доллароор хийж гүйцэтгэдэг. Энэ нь агаарын нэг хөлгийн засвар үйлчилгээг дунджаар 400-500 сая төгрөгөөр хийж байна гэсэн үг.
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт 70 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Монгол инженерүүд Боинг-В737, 767 онгоцуудыг засварлаж байна. Жилдээ 25 онгоц засварладаг. Хамгийн их нь 2018 онд 56 онгоцны засвар үйлчилгээг хийжээ. БНСУ, ОХУ-ын авиа компаниуд манайхаар хамгийн их үйлчлүүлж техник засвар хийлгэжээ. Мөн энэ чиглэлээр Турк, Тайланд зэрэг улс оронтой хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээг хийж дуусгаад байна.