Өнөөдөр бүх шатны боловсролын байгуууллагын танхимын сургалт эхэлж буйтай холбоотойгоор замын ачаалал, хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонбаяр “Яармагийн зам баруунаасаа зүүн чиглэл рүү хөдөлгөөний ачаалал их байна. Мөн Энхтайвны өргөн чөлөө зүүнээсээ баруун, 100 айл зүүнээсээ баруун, хорооллын эцэс баруунаасаа зүүн чиглэл рүү автомашины хөдөлгөөн их байна. Цагдаагийн алба хаагчид замын уулзвар бүрт байрлаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Мөн сургууль, цэцэрлэгийн гол холбоос зам дээр ажиллаж байгаа. Өнөөдөр өглөө нийт 110 зам тээврийн ослын тухай дуудлага ирлээ.
Иймээс жолооч нар автомашины бүрэн бүтэн байдлыг хянаж замын хөдөлгөөнд оролцоорой. Хялмаа унасны улмаас халтиргаа гулгаа үүсэж байгаа тул хурдаа зөв тохируулах шаардлагатай. Сургууль, цэцэрлэгийн хичээл орж эхэлсэнтэй холбоотой явган хүний хөдөлгөөн ихэсдэг. Гарцаар гарч буй иргэдэд зам тавьж өгөх, явган хүний гарц руу ойртож байгаа тохиолдолд хурдаа сааруулах хэрэгтэйг сануулъя” гэлээ.