alim.mn | 2024.12.27
Н.Мөнхнасан: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийн шийдвэр биелүүлэхгүй худал мэдээллээр гүтгэн доромжилж, заналхийлсээр байна

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав мэдээллийн www.zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын дунд үүссэн маргаан хууль шүүхийн байгууллагаар шийдэгдэж шүүхийн гүйцэтгэх хуудас энэ сарын 14-нд гарчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан өөрийн цахим хуудсандаа мэдээлэл оруулжээ.

Тэрбээр “Мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлч хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн ухаан, геополитик зэрэг олон талын мэдлэгтэй, зөв төлөвшилтэй байж нийгэм, улс орныхоо түүчээ болдог. Олон улсын жишиг нь ч тийм шалгууртай байдаг. 2019 оны 7 дугаар сараас эхлэн миний ээж, манай гэр бүл, үр хүүхэд, хамт олныг илт худал зүйлсээр гүтгэх, доромжлох, заналхийлэх зэргээр цахим орчинд тасралтгүй 3 жил өдөр бүр мэдээллийн хүчирхийлэл хийж яваа Н.Өнөрцэцэг хэмээх эмэгтэйн үйлдлийг Монгол Улсын гурван шатны шүүхээс нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасанг тогтоож, няцаалт залруулга хийж, цахим орчноос утсгахыг үүрэг болгосон шийдвэр гарсан байдаг. Тэрээр одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй огт худал мэдээллээр үргэлжлүүлэн гүтгэн доромжилж, заналхийлсээр байна.

Сэтгүүлч мэргэжлийн нэр төрөө эрхлэмлэн буруу ташаа мэдээлэл гаргасан бол засаж залруулахын төлөө бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай байхыг шаарддаг. Сэтгүүлчийн хувийн өш хонзонгоос нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж баримтыг санаатайгаар мушгин гуйвуулж бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаан олон түмний мэдэх эрхэд халдахгүй байх ёс зүйн зарчимтай. Гэтэл сэтгүүлч нэрээр харлуулах зорилго санаагаа халхавчилж, мэдээлэл түгээх давуу байдлаа ашиглаж, цахим хүчирхийлэл олон зуун давтамжтайгаар үйлдэж, манай гэр бүлийн эсрэг санаа зорилготойгоор нийгэмд зохиомол жигшил төрүүлэхэд улайрч байгаа нь илт болжээ.

Дашрамд хэлэхэд Хөгжлийн банкнаас нийт 73 төсөл зээл санхүүжилт авсан. Монполимет группийн хэрэгжүүлсэн Монцемент цогц үйлдвэрийн төсөл 2015-2020 хүртэл 118.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байхад огт төлөөгүй мэтээр бусад төслүүдээс онцлон харлуулах гэж оролдсоор байна. Мөн Монцемент үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэж илт худал мэдээлжээ. Монцемент цогц үйлдвэр, 2016, 2017, 2019 онуудад улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд авах тухай дүгнэлтээ гардан авч, барилгын материал үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг.

АТГ Хөгжлийн банкны нийт 73 төслийг нийтэд нь шалгаж байхад мөнгө угаасан гэх илт худал мэдээлэлийг санаа зорилготойгоор дахин дахин түгээж байна. Монцемент төслийг Гэрчийн статустай дуудсан төдийгүй зээлийн зарцуулалтыг үнэн зөв бодит баримтуудтай нь шалгуулсан болно. Мөн Ээж маань зээл авах үед улс төрийн албан тушаалтай байгаагүй.  Хөгжлийн банкны хувьд олон улсаас 80% санхүүжилтээ аль хэдийнээ босгоцон ийм байгаль орчинд ээлтэй шинэ технологитой төсөл тухайн үед байгаагүй. Зээлийн хувьд төгрөгөөр бол 20%-н хүүтэй зээл” хэмээн бичсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ