Монгол угсаатны төлөө тэмцэгч, үндэсний үзэлт сэтгүүлч Ч.Мөнхбаяр нь 02 сарын 17 ны орчим Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай \ӨМИХ\ байгууллагаас Монгол улсад тэмцээн зохион байгуулах зардлын мөнгө болох 100 мянган иен хүлээн авсан нь Монгол улсын ТЕГ-т гадны тусгай албадаас санхүүжиж байсан шалтгаанаар баригдаж шалгагдсан үетэй давхцаж буй бөгөөд тус үйл явдлын тухай болон Ч.Мөнхбаярын тухай ӨМИХ -гаас мэдэгдэл гаргалаа.
Өмнөд Монголын Их Хуралдайн мэдэгдэл
Сэтгүүлч зохиолч, нийтлэлч, Ч.Мөнхбаяр нь чин шударга эх оронч бөгөөд эх орон, монгол улсынхаа язгуур эрх ашиг, үндэстний аюулгүй байдалд үргэлж санаагаа чилээн, шударга, тайван замаар хууль журмыг баримтлан үзэл бодлоо илэрхийлж байдаг жирийн нэгэн шударга сэхээтэн хүн билээ. Ч.Мөнхбаяр маань хүнд бэрх дарлал дор зовон зүдэж байгаа Өмнөд Монголчуудыгаа өмгөөлөн гашуун үнэн бодит байдлыг цаг тухай бүрд нь хүргэж, өмгөөлж хамгаалан тасралтгүй зүтгэж үзэл санаагаа илэрхийлсээр ирсэн чин шударга эх оронч хүмүүн яахын аргагүй мөн билээ.
2016 оны 11-р сард Япон улсын Токио хотноо болсон “Өмнөд Монголын Их Хуралдай”-н анхдугаар хуралд Ч.Мөнхбаяр уригдан ирж оролцсон бөгөөд Монгол улс дахь салбарын даргаар сонгогдсон билээ. Мөн 2021 оны 11 сард болсон “Өмнөд Монголын Их Хуралдай”-н хоёрдугаар их хуралд, хуралдайн дэд тэргүүнээр сонгогдсон билээ. /Тус хурал нь цахимаар явагдсан болно/
Бидний үйл ажиллагааны гол үзэл санаа нь устаж үгүй болох гэж буй босоо Монгол бичиг, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө дараах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүнд: Одоо зарлагдсан явагдаж байгаа “Миний мэдэх Өмнөд Монгол” босоо монгол бичгээр уран бичлэгийн уралдаан, хугацаа нь 2022.02.21-2022.04.25 хүртэл явагдана.Энэхүү уралдааныг “Өмнөд Монголын Их Хуралдай” нь Монгол дахь “Дэлхийн Монголчуудын холбоо”-той хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээнд зарцуулагдах зардлыг Монгол дахь төлөөлөгч болох Ч.Мөнхбаярт гуйвуулсан билээ. /Бидэнд баримт нотолгоо нь байгаа/Харин үүнээс болж эх оронч, шударга сэхээтэн Ч.Мөнхбаярыг харийн тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хилс хэргээр хэлмэгдүүлэн цагдан хорьж байгаад бид маш их санаашран зовж байна.“Өмнөд Монголын Их Хуралдай” нь аль нэг улс орны тагнуулын байгууллага биш, аль нэг улсын харьяат ч биш бөгөөд Монгол үндэстэн угсаатныхаа төлөө нэгдэн нийлж Монгол хүний эрх ашиг, өв соёл, язгуур эрх ашгийн төлөө нэгдэн нийлсэн цөөхөн хэдэн Монголчууд билээ.
Иймээс Монгол Улсын Засгийн Газар болон Хууль хүчний байгууллагад хандах нь: Монгол улсын иргэн сэтгүүлч, зохиолч, Ч.Мөнхбаяр нь ямар нэг гадаад улс орны хөл гар тагнуул биш, улсынхаа эсрэг ямар нэг зүй бус үйлдэл хийх хүн биш, чинхүү эх орон ч шударга хүнийг нэн даруй суллаж, эрх чөлөөг нь яаралтай буцаан олгохыг чин сэтгэлээс хүсч энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Өмнөд Монголын Их Хуралдай
2022.02.22
Эх сурвалж: http://southmongolia.org/mn/2339/