alim.mn | 2024.12.24
"Чингис хаан" банкийг хятадууд авахаар улайрч байна

Чингис хаан банкны асуудал Хөгжлийн банкны асуудлаас хамаагүй өмнө дэгдсэн ч "томчууд" олноороо орооцолдсон Хөгжлийн банкны дуулианд нам дарагдлаа. Гэхдээ дарагдаагүй, араар нь "аймшигтай" явдал болж байна.  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК “Чингис хаан” банкинд хөрөнгө орууулах сонирхолтойгоо илэрхийлж Монголбанкинд албан ёсоор хүсэлтээ ирүүлжээ.
Энэ компанид “Чингис хаан” банкны толгой компани болох “Ньюстандарт финанс” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах шийдвэрийг гаргасан тухай албан бичгээ ч тус банкнаас Монголбанкинд хүргүүлсэн гэдэг. 

 “Чингис хаан банкинд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа “Баянмөнх техник дэвшил” ХХК-ийн зүгээс судалж шалгах ажлаа хэдийнэ эхлүүлж “Эрнест янг”-ыг сонгон гэрээ байгуулж, нууцлалын гэрээгээ 10 гаруй хоногийн өмнө байгуулсан байх юм. Өнөөдрийн байдлаар дампуурлаа зарлаагүй боловч “клиник үхэлд” байгаа “Чингис хаан” банкны хамаг “үнэ цэн” зөвхөн “Чингис хаан” гэдэг нэрэндээ байгаа!!!

“Чингис хаан” банктай холбоотой Иргэний хэргийн шүүх дээр ЭМДЕГ-ын 27.8 тэрбум, ЖДҮДС-ийн 170 тэрбум, Хөгжлийн банкны 25 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 16 тэрбум, Голомт банкны 11 тэрбумын нэхэмжлэлтэй хэр бий. Нэмээд ИНЕГ, “Тавантолгой” ХК, “Гашуун сухайт авто зам”, “Тавантолгой төмөр зам”, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой нэр холбогдох болсон “Вестерн холдинг” гэхчлэн 20 орчим байгууллага “Чингис хаан” банкийг хариуцагчаар татсан байна. Эдгээрээс жишээ нь “Вестерн холдинг” компани  Хөгжлийн банкнаас олгосон зээлийг нь дамжуулан зээлдэх үүрэг хүлээсэн “Чингис хаан” банк нь зээлийн мөнгийг нь саатуулсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгаа аж. 

Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай холбоотойгоор тус банкны хөрөнгө болон харилцах дансыг битүүмжилсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх эзэмшлийн хөрөнгө оруулалтыг ч битүүмжилжээ. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар “Чингис хаан” банкны цэвэр актив нь ердөө 60 тэрбум төгрөг ч тус банк болохоор 300 тэрбум гэсэн тайлан ирүүлдэг байжээ. Ийм "сэхээнд байгаа" “Чингис хаан” банкийг яагаад Хятадын компани худалдаж авахаар улайрах болов?

“Чингис хаан” банк хэнийх вэ? “Чингис хаан” банкны 40 хувийг Дашцэрэнгийн Батаа, 32 хувийг Шүхэртийн Бүтэд, 28 хувийг Цэдэн-Ишийн Баярсайхан нар эзэмшдэг. Д.Батаагийн хувьд хилийн чанадад ажиллаж амьдардаг. Зайсанд  жаахан газар авч хашаалаад ашиглаж байтал гэнэтхэн тэр хавийн газрын үнэ "хаданд гарч", luxury хотхонууд сүндэрлээд, анх авсан газраа үнэлж зарсан гэдэг...

 Ш.Бүтэд бол  Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэн  төрсөн дүү, ах нь гол эрх мэдлийг хэрэгжүүлдэг. 
Харин Б.Батхүүгийн хувьд ямар хөрөнгө оруулсан нь тодорхойгүй. Дээхнэ үеийн “Туборг” шар айргаар хочлогддог, тэндээс бизнесийн түүх нь эхэлсэн гэдэг бөгөөд түүний гэр бүлийн хүн Ц.Баярсайхан “Чингис хаан” банкны хувьцааны 28 хувийг эзэмшдэг гэж бүртгэгджээ. Гэтэл тэрбээр “гэр бүлээсээ салсан” гэж мэдээлэл гаргаад байхад хамт амьдарч буй хэрнээ хариу тайлбар хийдэггүй нь сонирхолтой...

”Чингис хаан” нэртэй банкийг зарах уу?

Одоо “Чингис хаан” банкнаас мөнгөө нэхэмжилж шүүхэд хандаад байгаа төрийн сангууд, төрийн байгууллагуудын асуудал л анхаарал татаж байна.
 ХНХ-ын сайд А.Ариунзаяа НДС, ЭМДС-ийн “Капитал” банкнаас авах ёстой авлагыг үл хөдлөх хөрөнгөөр дүйцүүлж аваад дуудлага худалдаанд оруулж худалдан өр авлагыг дуусгахаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна.

Гэтэл “Чингис хаан” банкийг яагаад Хятадын хөрөнгө оруулалттай компанип зарж, нөгөөх нь худалдаж авах гээд байна вэ?  “Чингис хаан банк” гэдэг нэрийг өөрийн болгох гээд зүтгээд байна уу?

Ямар ч монгол хүн “Чингис хаан” нэртэй компанийг хятад хүнээр эзэмшүүлмээргүй байна гэж омог бардам хэлнэ. Монгол түмний сүр сүлдийг тэгж алдсанаас өөрсдөө дампууруулаад нэрийг нь хадгалчихсан нь дээр биш гэж үү? “Баянмөнх техник дэвшил” гэдэг хөрөнгө оруулагч нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нд байгуулагдсан, Баянмөнх Мэй Юү гэдэг хуулийн этгээдийн мэдэлд, Ли Шан гэдэг хятад иргэний нэр л байна. Тэд “Чингис хаан” банкны нэг хувьцаа эзэмшигчээс нь банкны нэрийг 50 тэрбум төгрөгөөр худалдаж авах, дээр нэмээд бүх өрийг нь тэглэх, хувьцааг нь худалдаж авах санал тавьсан гэнэ. Монголчууд юм л бол хандив цуглуулъя гэдэг болсон. Энэ удаа "Чингис хаан" банкны нэрийг хандив цуглуулаад ч болсон аваад үлдвэл. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ