alim.mn | 2025.08.25
Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов

Теннисийн Алдрын танхимд Мария Шарапова болон ихэр ах дүү Брайаны нэрсийг мөнхлөх ёслол боллоо.

Мария Шарапова 17 настайдаа теннисийн ертөнцөд цойлон гарч ирж, “Их дуулга”-д таван удаа түрүүлсэн. Энэ амжилтын үзүүлэлтээрээ 38 настайдаа ийнхүү Алдрын танхимд заларч байна. Энэ ёслолын үеэр “Их дуулга”-ийн 23 удаагийн аварга, нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгч Серена Уильямс тайзнаа гарч ирж, гэнэтийн бэлэг барилаа.

Серена Уильямс “Тамирчны замналд маань надтай хүчтэй өрсөлдсөн хэдхэн тамирчин байдаг. Тэр цөөхөн тамирчны нэг бол Мария Шарапова. Тэмцээнд оролцох тамирчдын жагсаалтаас нэрийг нь олж хараад би бэлтгэлээ илүү эрч хүчтэй, илүү сайн хийдэг байлаа” гэжээ. 

 Мария Шарапова “Бид хоёр эцсээ хүртэл өрсөлдөн тэмцэлдэхээс өөр замыг мэддэггүй. Хэн хэндээ хожигдохыг л хамгийн их үзэн яддаг. Учир нь бид хоёр бие биедээ аварга болоход хамгийн том тээг саад болдог байлаа” гэсэн байна.

Ёслолыг үзэхээр ордонд цугласан олон дунд Алдрын танхимын гишүүд болох Мартина Навратилова, Жим Курье, Стэн Смит, Энди Роддик нар байв.

Мария Шараповаг 11 жилийн турш хамгийн өндөр орлоготой тамирчин бүсгүй байсныг Серена Уильямс онцлоод “Спортын амжилтаа бизнес, загварын ертөнцөд брэнд болгон ашиглаж, хүрсэн бүхэндээ амжилтад хэрхэн хүрэх боломжтойг Мария бидэнд харуулсан. Теннисийн ертөнцөд эмэгтэйчүүд боломжоо дүүрэн ашиглаж, зааг хязгаарыг давж болохыг нотолсон. Талбай дээр эрч хүчээр дүүрэн, талбайн гадна ч холыг харж, зорилгодоо хүрч болдгийг бидэнд ойлгуулсан” хэмээн Серена Уильямс өгүүлсэн байна.

Харин Мария Шарапова “Теннист амьдралаа зориулахдаа би тэндээс авч болох бүхнийг авахыг хичээсэн. Надад гайхамшигтай сайхан агшнууд, амжилтыг бэлэглэсэн. Үүнд би үргэлж талархаж явах болно” гэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ