alim.mn | 2024.12.27
Оросын цэрэг Чернобылийн атомын цахилгаан станцыг эзлэн авчээ

Чернобылийн атомын цахилгаан станц болон түүний тусгаарлах бүсийг Оросын цэрэг эзлэн авсныг Украины ерөнхий сайд Денис Шмыгаль мэдээлжээ.

“Чернобылийн тусгаарлах бүс бүхэлдээ Оросын цэргийн хяналтад ороод байгааг дуулгахад харамсалтай байна. Тусгаарлах бүсийн удирдлага одоогоор хүний амь хохироогүй байгааг мэдээллээ” гэж тэр Киевт болсон засгийн газрын шуурхай хуралдааны үеэр хэлсэн байна. Чернобылийг эзлэх тулаан ширүүн болж өнгөрснийг Украины ерөнхийлөгчийн зөвлөх сүүлд мэдэгдсэн юм.

“Оросуудад эзлэгдсэн Чернобылийг аюулгүй гэж хэлэх боломж алга. Өнөөдрийн байдлаар Европын хамгийн ноцтой аюулуудын нэг энэ болоод байна” гэж зөвлөх Михайло Подоляк хэлжээ.

Оросын цэрэг Чернобылийн цөмийн реакторыг хяналтдаа оруулах гэж яарсан нь Украинд цэргийн ажиллагаа явуулж болохгүйг NATO-д сануулах зорилготой байж магадгүй гэж албаны зарим эх сурвалж үзэж байна.

Халдлага эхэлсэн эхний өдрийн өглөө Оросын цэрэг Чернобылийн чиглэлд шуурхай довтолж эхэлснийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өмнө нь мэдэгдэж “Оросын түрэмгийлэгчид Чернобылийн атомын цахилгаан станцыг эзлэн авахыг хичээж байна. 1986 оны эмгэнэлт явдлыг дахин давтуулахгүйн төлөө манай цэргүүд амиа золиосолж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн.

Киев хотоос хойд зүгт 130 км зайтай оршдог Чернобылийн атомын цахилгаан станцын реактороос одоо болтол цацраг идэвхт бодис ялгарч байгаа тул хамгаалалтын бүрхүүлээр хаасан байдаг.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ