alim.mn | 2024.12.27
"Эрдэнэт үйлдвэр"-т одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгөв

Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд  шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй.

Ингээд зогсохгүй "Эрдэнэт үйлдвэр"-ээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авчээ. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.

Мөн тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсын үлэмж хэмжээний хөрөнгийг хувийн байгууллагад шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгасан талаар мэдээллээ.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Иж бүрэн цогцолбор эмнэлэг хүлээн авч буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн захирлын хувьд  тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай 95 дугаар тушаал гаргасан. Одоо бид цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна" гэлээ.

"Медипас" эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитой үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношлогооны аппарат бүхий Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг.  

Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар урьж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг аж.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн 2016 оны “Хөрөнгө балансаас хасах тухай” А/108 дугаар тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгийн 64.8 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлэн өгчээ.

Төрийн өмчийг хувийн мэдэлд шилжүүлсэн энэхүү шийдвэрийг цуцлахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд асуудал танилцуулсан. Улмаар хууль бусаар шилжсэн хөрөнгийг төрд буцаан авах шийдвэр гарч Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ.

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө балансаас хасах тухай” А/108 дугаар тушаалаар төрийн хөрөнгийг хувьд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, хөрөнгийг Эрдэнэт үйлдвэрийн балансад эргүүлэн бүртгэж авахаар шийдвэрлэв. Мөн "Медипас" ХХК-ийн захирал Я.Эрдэнэчулуун нь эмнэлгийг төрд буцаан өгөхөө илэрхийлсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын “Медипас” ХХК-д хөрөнгө шилжүүлж өгөхтэй холбоотой дээрх шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчжээ.

Тодруулбал, 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын  Засгийн газар, 49 хувийг Оросын Холбооны Улсын Засгийн газар эзэмшиж байв. Иймд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу шийдвэр гаргах шаардлага тулгарчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн эд хөрөнгийг хувьд шилжүүлэхдээ тодорхой нөхцөлөөр үнэ төлбөргүй шилжүүлэх эсвэл хувьчлах хөтөлбөрийн дагуу шилжүүлдэг хуулийн зохицуулалттай. Мөн Улсын Их Хурлаар төрийн өмчийн хувьчлах үндсэн чиглэлийг баталж, Засгийн газар хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хувьчлах арга хэмжээг зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргадаг.  

Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын хэсэг


 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ