alim.mn | 2024.12.27
Оросын тэрбумтнууд дайны эсрэг байгаагаа илэрхийлж эхэллээ

Украинд болж буй үйл явдлын талаар Оросын олигархиуд ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа. Харин  "Юкос"-ын босс Ходорковский дайны эсрэг байгаагаа хамгийн түрүүнд зарласан. Тэрбээр Путины дэглэмийн эхний "хохирогч" болж, 10 гаруй жил шоронд хоригдсон юм. Одоо Германд амьдардаг Ходорковский Оросын өдүүлсэн дайн болон, Путиныг хамгийн их эсэргүүцэж, Украины талаар хамгийн их эерэг мэдээ түгээж байгаа хүн болов. Үүнээс гадна дайныг эсэргүүцэж буй тэрбумтан ганцаар тогтохгүй.

Оросын хамгийн том хувийн банк болох "Альфа"-г үүсгэн байгуулагч, LetterOne хувийн хөрөнгө оруулалтын компанийг эзэмшигч Фридман ажилтнууддаа илгээсэн захидалдаа дайны эсрэг байгаагаа мэдэгджээ. Тэрбумтан Фридман нь Украины томоохон хотын нэг Львовын уугуул бөгөөд эцэг эх нь одоо ч тэнд амьдардаг аж. Тэрбээр  “Миний амьдралын ихэнх хэсэг Орост өнгөрч, энд бизнесээ босгосон. Украин, Оросын ард түмэнтэй гүнзгий холбоотой би энэ зөрчлийг хоёр үндэстний аль алинд нь тохиолдсон эмгэнэлт явдал гэж үзэж байна” гэж Фридман захидалдаа бичжээ.

2021 онд хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 128 дугаарт эрэмбэлэгдэж байсан Фридман “Би бол Орос, Украинд олон мянган ажилтныхаа өмнө хариуцлага хүлээдэг бизнесмэн хүн. Дайн хэзээ ч шийдэл байгаагүй гэдэгт би итгэдэг. Олон зуун жилийн турш ах дүүгийн хэлхээ холбоотой байсан хоёр үндэстэн энэхүү хямралын үр дүнд хоёулаа хохирч, олон хүний амь үрэгдэх болно” гэжээ.

Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн аварга компани Русалыг үүсгэн байгуулагч, одоо ч уг компанийнхаа хувийг Лондонд бүртгэлтэй EN+ Group-ээр дамжуулан эзэмшдэг Олег Дерипаска Телеграм сүлжээнд “Энх тайван хамгаас чухал” гэж бичээд энхийн яриа хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Кремлийн эрх баригчидтай холбоотой шалтгаанаар тэр 2018 оноос хойш АНУ-ын эдийн засгийн хоригт байгаа юм. Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсонтой холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүдийг шат дараатай зарлаад байна. Үүнээс болж Оросын хөрөнгөтнүүд асар их алдагдал хүлээж магадгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ