МУГЖ Т.Батсайханы баян эхнэрийн уурхайд морь нохой шиг зүтгэсэн залуус цалингаа авч чадахгүй зүдэрчээ
Дуучин Т.Батсайхан хамгийн тооцоотой дуучин байх. Анх нийтийн хос дуучид "мода" болж байх үеэр, дөнгөж СУИС төгссөн Гаваасүрэнгийн Эрдэнэтунгалагтай хамтарсан. Хамтрагчийнх нь аав ээж, тухайн үеийн хамгийн нөлөөтэй хөгжмийн зохиолч, дууны шүлэгч болохоор Т.Батсайханд дуу олох шиг амархан зүйл байгаагүй. Ингээд дуучны хувьд дорхноо хэдэн дуутай болсон билээ. Удалгүй дуулахаа больсон нь баян эгчмэд хүнтэй ханилж, хоолойгоо сөөтөл дуулж хэдэн төгрөг олох хэрэггүй болсных. Учир нь эхнэр нь "банкны" гэж алдаршсан Шүхэртийн охин, дэд сайд асан Ш. Лхамсүрэнгийн дүү. Т.Батсайханы эхнэрийн эгч нь БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр. Ийнхүү зохиолын дуучин Т.Батсайхан Америкийн нэгдсэн улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдтай баз хүргэн болсон юм. Дуулахаа бараг больсон Т.Батсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгаас МУГЖ цолыг авч, удалгүй Өмнөговь аймгийн театрын дарга болсон нэгэн. Тэрбээр “Би уг нь дуучин болохгүй биеийн тамирын багш болно гэж бодож байсан юм. Тэгтэл багш маань намайг хүчээр тайзан дээр гаргаад дуу дуулуулсан” хэмээн ярьсан байдаг. Мөн Т.Батсайхан сонинд “Манай говь нутгийн харчуул чанартай, дөлгөөн тайван хүмүүс байдаг” гэж ярьдаг ч ачир дээрээ худлаа гэж хэлэх хүн байх юм билээ.
Тэрбээр СУИС-д сурч байхдаа нутгийнхаа П гэгч бүсгүйтэй нийлж, амьдрал зохиож байсан. П бүсгүй тэр үед АУИС-д сурч байсан бөгөөд Батсайханыг өвчсөн гэмээр хөөрхөн охин төрүүлжээ. Гэвч удалгүй өөрөөсөө найман насаар эгч хүүхэнтэй дэр нэгтгэж, анхны ханиасаа нүүр буруулсан гэдэг. Т.Батсайхантай ханилсан Жаргал нь сайд ахтай, банкир эцэгтэй баян эмэгтэй, бизнес сэтгэлгээтэй нэгэн. Уул уурхай, барилгын салбартай цаашлаад Өмнөговьд нүүрсний уурхайтай.
Энэ уурхайг нутгийнхан нь бизнесмэн эмэгтэйнх гэхээсээ илүү гавъяат дуучин Т.Батсайханы уурхай гэж нэрлэдэг. Уурхайд нь Өмнөговь нутгийн олон залуу ажилд оржээ. Гэвч МУГЖ Т.Батсайхан, эхнэр хоёр нь уурхайн ажилчдаа хэдэн сар морь, нохой шиг өдөр шөнөгүй зүтгүүлчихээд 3-6 сарын цалинг нь өгөхгүй луу унжжээ. Хүний урманд ажилчиддаа ганц зоос ч хялайлгаагүй атлаа “Та нар чаддаг юм бол заргалдаад ав!” гэж тавласан нь нөгөө "дөлгөөн тайван, хүн чанартай" гэж сонинд өөрийгөө магтан ярьдаг Т.Батсайхан мөн үү гэж гайхахад хүргэсэн сурагтай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ