alim.mn | 2024.12.26
Япон улсын Засгийн газар ОБЕГ-т туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн автомашин бэлэглэв
Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зориулалттай, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон "Ниссан Патрол” маркийн 7 автомашиныг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Эдгээр машинууд төв, орон нутгийн жирэмсэн эхчүүд, өндөр настан, бага насны хүүхдүүдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой. Автомашин гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Монгол, Япон хоёр орны гуравдагч хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт цэцэглэн хөгжиж байгаагийн нэг тод илрэл нь гамшгийн эрсдэлийг бууруулах салбар дахь хамтын ажиллагаа гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцолсон юм. Тухайлбал, Японы Засгийн газар 2003 оноос манай улсад буцалтүй тусламжийн дэмжлэг үзүүлж байсан нь “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг сайжруулах” I дүгээр шатны төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 17 автомашин хүлээлгэн өгсөн бол 2013 онд дээрх төслийн хүрээнд 22 автомашин олгож байжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ