Хөвсгөл нуурын баруун эргийн хатуу хучилттай 38 км авто замын ажил эхэлж байна
Азийн хөгжлийн банкны тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг Жанхайн даваа-Тойлогт хүртэлх 38 км хатуу хучилттай авто замын ажил нээлтэй хийж, албан ёсоор эхэлж байна. Жанхайн даваа хүртэл зам бэрх. Шороон замын хоёр талын ой битүү саарал өнгөтэй. Нуурын замагжилт асар их тоосжилтоос үүдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Зам баригдсанаар Хөвсгөл нуур, нуур орчмын байгаль орчны энэ бүх асуудал шийдэгдэх болж байна.
Анх 2014 оны 8 сард Азийн хөгжлийн банкны эрх бүхий захирлуудыг Хатгалд урьж ХӨХ СУВД хөтөлбөрийн төсөл, төлөвлөгөөг танилцуулж, тухайн үеийн Аймгийн дарга А.Эрдэнэбаатар тэргүүтэй удирдлагуудыг байлцуулж танилцуулснаар АХБ-ны 39 сая ам,долларын санхүүжилттэй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих,тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” нэгдсэн төсөл хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
Тухайн үеийн Байгаль орчны сайд асан Н.Батцэрэг тэргүүтэй Монгол Улсын засгийн газрын төлөөлөл, АХБ-ны удирдлагуудын хамт энэхүү төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж 2016-2019 онд Хөвсгөл аймгийн 5 сумын иргэдэд зорилсан 7 тэрбум төгрөгийн төсөл амжилттай хэрэгжжээ. Үр дүнтэй олон ажлууд хийгдсэнд нутгийн иргэд талархалтай байна.
Цаашид АХБ-ны төсөлтэй хамтран Хөвсгөл нуурын орчмын аялал жуулчлалын бүсийг олон улсын жишигт нийцүүлэх, томоохон соёл, амралтын цогцолборуудыг байгуулах, орчин үеийн тоноглол бүхий ариун цэврийн байгууламж барих ажлууд төлөвлөгдөж, зураг төсвүүд бэлэн болсон аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ