alim.mn | 2024.12.22
"Алтжин"-гийн захирал Капитал банкнаас 100 тэрбум төгрөгөө авч чадсангүй

Бизнесийн хүрээний хамгийн дуулиантай бүсгүйчүүдийн нэг "Алтжин"группын ерөнхийлөгч өнгөрсөн 2 дугаар сарын 28-нд таалал төгсөж, эмэгтэйчүүдийн баярын өдөр даваа гарагт эцсийн замд нь үджээ. Угаасаа олны өмнө ил гардаггүй, хэвлэлд цөөн удаа ярилцлага өгсөн тэрээр сүүлийн жилүүдэд шүүх хуралд очихоос өөрөөр олны өмнө гараагүй. Гадаадад эмчлүүлэх хүсэлтэй байсан ч хилийн хориг тавьсан болохоор явж чадаагүй гэлцэнэ.

1990-ээд онд Анагаахын дээд сургуулийн багшаас ганзагын наймаа хийж эхэлсэн энэ эмэгтэй 1990-2000 он хүртэл бизнесээ хийж нам гүм амьдарсан. Харин АПУ-гийн хувьчлалаар олны танил болсон. АПУ-гийн хувьчлалд оролцсоны дараа "САПУ" архи спиртийн үйлдвэр, "Алтжин" шатахуун түгээх станцаа байгуулж ажилласан. Мөн "Алтжин Бөмбөгөр" худалдааны төв шатсан нь бас л олны анхааралд оруулсан. "Алтжин Бөмбөгөр" худалдааны төв шатахад Г.Алтан өөрөө хохирогч ч түрээслэгчиддээ шуудай шуудайгаар нь мөнгө тараасан гэдэг. Энэ нь томоохон захын бизнес эрхэгчдэд нэг бизнесийн цагаан толгой болсон. Тэр үед амандаа орсон мөнгийг хэлэх түрээслэгчид ч гарч байжээ. Түүнээс хойш "Нарантуул" зах шатсан ч "Алтжин Бөмбөгөр" шиг их аюул, хэл ам дагуулаагүй. Учир нь лангуу түрээслэгчид орой буухдаа "Лангуундаа 3 сая төгрөгөөс илүү үнэтэй бараа үлдээхгүй" гэсэн гэрээтэй гэх юм билээ. "Алтжин Бөмбөгөр" шатах үеэр урдаас Эрээний жижиг бараа зөөдөг наймаачид алтны лангуу ажиллуулдаг юм шиг л аашилсан гэдэг. 

Уул уурхайд бизнест хөл тавьсан Г.Алтан хатагтай “Олон овоот гоулд” ХХК-ийг би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан гэдэг. Тэр үед долларын ханш 1000 байсан болохоор 60 сая доллароор авсан гэсэн үг. Үүнээс хойш хэл ам салаагүй. Мөн уул уурхай, нефтр импорт, архи спирт гээд эрчүүдтэй эн зэрэгцэн өрсөлддөг хатагтайд хөөрөгний цуглуулга бий.

Түүний хөөрөгний цуглуулгад XVII, XVIII зууны үеэс уламжлагдаж ирсэн хоёр шүрэн хөөрөг бий гэсэн. Асар нарийн хийцтэй, эртний хөөрөгний нэгийг нь цуглуулагчид “Хатагтай” хэмээн нэрийддэг байна. Нөгөө нь XVIII зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах бөгөөд цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг аж. Зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг ч мөн түүний цуглуулгад үнэтэй байр суурь эзэлдэг. Түүний цуглуулгад ихэвчлэн уран дархчуулын гар болоод оюуны ур шингэсэн, эртний хөөрөг байдаг. Дундад зууны үеэс уламжлагдан ирсэн, бухын дүрстэй мана хөөрөг түүний нандин цуглуулгын бас нэгэн чамин чимэг болдог тухай цагаан сар болгоноор яригддаг.

Түүний хэвлэлд өгсөн цөөн ярилцлагадаа:

-Банк ярихаар л таны нэр гарч ирээд байдаг боллоо. Капитал банкны гол харилцагчдын нэг нь та байсан гэдэг. Капитал дампуурсан, та мөнгөө авч чадсан уу?

-Яг авч харагдаач. Капитал банкнаас 100 тэрбумын авлагатай. Банк болгон дээр мөнгөө алдаж луйвардуулж байх юм даа. Капитал банкинд мөнгө хадгалуулсан нь үнэн. Хадгалуулсан мөнгөө авч чадаагүй. Ямартаа ч 1200 хадгаламж эзэмшигч иргэн байна гэсэн. Үндсэндээ бүгд мөнгөө авсан. Одоо мөнгөө авч чадаагүй 27 хүн л үлдсэн.

-Тэгвэл үлдсэн 27 хүний нэг нь та байх нь ээ. Мөнгөө олж авах найдвар байна уу?

-"Бишрэлт"-ийн А.Ариунболд, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар банкинд орж ирж байгаа мөнгийг өөрийн мэтээр ойлгож андуурмааргүй юм. Банкинд орсон бүгдийг банкнаасаа зувчуулаад үндсэндээ нэг их наяд төгрөгт хүрэхээр үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Гаднаас орж ирсэн Дорж ч юм уу, Дулмаа ч юм уу хүмүүсийн хадгаламжийн мөнгийг зувчуулсаар байгаад хувьдаа хөрөнгөтэй болсон гэсэн үг. Наанаа өндөр хүү амлах ч юм уу, үнэн худал үлгэр яриад хадгаламж хуримтлуулаад байсан байна. Үндсэндээ маш мундаг залилан үйлдсэн этгээд юм билээ" гэж ярьж байжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ