alim.mn | 2025.03.12
ЭМЯ 8 тэрбум 433.9 сая төгрөгийн материаллаг хандивын орлогыг хүлээж авсан...

Цар тахлын оргил үеэр төрийн байгууллагууд олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглах, үүргээ биелүүлэхгүй, иргэдийг чирэгдүүлэх явдал газар авч, иргэдийн эрхийг зөрчих тохиолдод олонтаа гарсан билээ. “Фиделитас Партнерс” хуулийн фирм “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр “Эрхээ эдэлье” нөлөөллийн аянг эхлүүлж, Ковид-19 цар тахлын үеийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээн дээр “Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах” төслийг хэрэгжүүлжээ.

Энэ хүрээнд төрийн байгууллагууд гадаад дотоодоос, мөн иргэдээс ирсэн хандив тусламжийг юунд зарцуулж байгаа вэ, тайлагналт дутуу байна гэсэн шүүмжлэлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Ковид-19-ийн хандив тусламжийн шилэн дансны хөтлөлтийн жишээн дээр төсөл хэрэгжүүлэн ажиллажээ.

Эргээд аудитын зөвлөмжийн биелэлтийг шаардаж, хэрэгжүүлэх байдлаар ажилласан учраас төсөл үр дүнд хүрч, Ковид-19 цар тахлын үеийн хандив тусламжийн мэдээлэл зарцуулалт олон нийтэд ил болсон билээ.

“Фиделитас Партнерс” хуулийн фирм  Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл Мэндийн Яам /ЭМЯ/, Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/, Нийслэлийн Онцгой Байдлын Газар /НОБГ/ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/ гэсэн байгууллагын шилэн данс хөтлөлт хангалтгүй байгаа нь иргэдийн мэдэх эрхийг зөрчиж буй талаарх гомдлыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад гаргасан. Үүнээс Үндэсний аудитын газарт 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Үндэсний аудитын газраас гурван сарын турш хяналт, шалгалт хийж, 2020 оны хандив, тусламжийн орлого, зарцуулалтын шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн байдлын Нийцлийн аудитын тайланг гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулж, хугацаатай үүрэг даалгавар болон зөвлөмжийг дээрх байгууллагуудад хүргүүлсэн байна.

Эргээд аудитын зөвлөмжийн биелэлтийг шаардаж, хэрэгжүүлэх байдлаар ажилласан учраас энэ төсөл үр дүнд хүрч, Ковид-19 цар тахлын үеийн хандив тусламжийн мэдээлэл зарцуулалт олон нийтэд ил болсон.

ОБЕГ, НОБГ, ЭМЯ, ХӨСҮТ хандив, буцалтгүй тусламжийн орлого, зарцуулалтын мэдээллийг хуульд заасан хугацаанд нь шилэн дансанд байршуулаагүй зөрчлүүд хамгийн түгээмэл байжээ. Эдгээр зөрчлийг Үндэсний аудитын газар шалгаж, “ХӨСҮТ нь материаллаг хандивын зарцуулалтын талаарх мэдээллийг Шилэн дансны цахим сайтад 100 хувь мэдээлээгүй”, “Эрүүл мэндийн яам шилэн дансны цахим хуудаст 1735 удаагийн 1,748,265 тоо хэмжээтэй 6 тэрбум 52 сая 600 мянган төгрөгийн зарцуулалт буюу 90.9 хувийг мэдээлээгүй”, “Онцгой байдлын ерөнхий газар …159 гүйлгээтэй холбоотой 36,618,278 тоо хэмжээтэй, 708.5 сая төгрөгийн зарцуулалтыг шилэн дансны цахим хуудаст байршуулаагүй” талаарх баримтуудыг нийцлийн аудитын тайландаа тусгасан. Зөвхөн Эрүүл мэндийн яам л гэхэд 2020 онд нийт 931.6 сая төгрөгийн мөнгөн хандивын орлогыг хүлээж авснаас шилэн дансанд 164.1 сая төгрөгийн хандивын орлого буюу 17.5 хувийг мэдээлээгүй, 8 тэрбум 433.9 сая төгрөгийн материаллаг хандивын орлогыг хүлээж авснаас шилэн дансанд 767,506 тоо хэмжээтэй 944.9 сая төгрөгийн материаллаг хандивын орлого буюу 11.2 хувийг мэдээлээгүй байсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ