Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тахми, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллана.
Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин сүүлийн үед залуусын ихээр хэрэглэх болсон электрон тамхи буюу VAPE-г тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх ташаа мэдээлэл тараад байгаа. Энэ нь маш том төөрөгдөл юм.
Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй хорт хавдар үүсгэх химийн бодис болон никотиныг агуулдаг. Уг мэдээлэл, баримтад үндэслэн ийнхүү Баянзүрх дүүрэг 21-ээс доош насны залууст тамхи, электрон тамхи худалдаалахыг хориглож байгаа юм.
Тамхи татдаг болон хаяна гэх нэрийдлээр электрон тамхи татаж буй иргэдэд анхааруулж хэлэхэд “Тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхи татдаг хүн өөрөө анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөрөг өөрчлөлтүүд бий болдог. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж.
Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь коронавируст халдварын хүнд үед таны биеийг улам дордуулна. Тиймээс иргэн та аль болох электрон, уламжлалт гэлтгүй тамхинаас татгалзаж бусдыгаа уриалахыг хүсэж байна” гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.