Шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд хүнсээ нөөцлөх шаардлаггүй, өөрсдийн нөөцөөр 3-4 сарын хэрэглээгээ хангах боломжтой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээллээ. Тэрээр “ Зах зээлийн хангамж тогтвортой байгаа энэ үед хэт нэмэгдсэн хэрэглээ бий болгох нь үнийг савалгаа үүсгэнэ. Иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод гэхэд мах өдөр бүр тогтвортой нийлүүлэгдэнэ. Махны тухайд нөөцийн махын 12 мянган тонныг нөөцлөөд байгаа. Өнөөдрөөс эхлэн нийт 279 цэгээр нөөцийн махыг иргэдэд худалдаалж эхлэх бөгөөд үүн дээр нэмэгдээд дахин 10 гаруй мянган тонн махыг нийлүүлэхээр болоод байгаа юм байна. Ингэснээр өдөр тутамд 100 тонн махыг худалдаалах боломжтой. Харин өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг болох гурилны тухайд 5-6 сарын хэрэглээг хангах нөөц бий . Төрөл бүрийн будааны хувьд импортын хэмжээг нэмэгдүүлэхээр анхаарч байгаа бөгөөд цагаан болон гурвалжин будаа зэрэг төрөл бүрээр нь авч үзвэл 2-3 сарын нөөц бий. Мөн ургамлын тосны хувьд 2 сарын нөөцтэй байгаа юм байна. Үнэ хөөрөгдөх вий гэдэг болгоомжлол иргэдийн дунд байгаа бөгөөд үндэслэлгүй үнээ нэмсэн тохиолдолд ШӨХТГ-тай хамтран ажиллаж, хариуцлага тооцно. Хүнсний хангамжийг иргэдэд жигд түгээх ажилд холбогдох байгууллагууд хийж байгаа гэдгийг салбарын сайд хэлсэн бөгөөд ХХААХҮЯам шуурхай штабын зохион байгуулалтад орж ажиллаж байна” гэв.