alim.mn | 2024.12.25
НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хүрээнд жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг хангаж ажилладаг.

Энэ дагуу  03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцоно.

Эхний  дохио дуугарахад иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.

Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.

Иргэн та гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцоно уу!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ