...1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний /1981,03,23/ өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх /1981,03,30/ өдөр хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлийг хүргэж байна.
40-өөд жилийн өмнөх энэ л өдөр сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тэмдэглэлдээ ингэж бичиж үлдээжээ.
**********1981 оны 3-р сарын 23. Даваа гараг. Нислэгийн хамгийн хариуцлагатай өдөр. Сансрын станцтай холбоо тогтоож, автомат систем ажиллах зонд орох, ойртож очиж залгалт хийж, станцын бүхээгт шилжиж орох. Энэ л ажиллагаануудын биелэлтээс нислэгийн хувь заяа шийдвэрлэгдэх учраас манай хоёр багийн болоод, Нислэгийн удирдах төвийн анхаарал үүнд чиглэж байна.
Урьдчилан хийсэн хоёр маневр болон ойртох маневрын үр дүнд хөлөг, станцын холбооны зонд орлоо. ЗХУ-ын нутагт дэвсгэрт байрлах холбоо хангамжийн хэрэглэлүүдийн удирдлагын зонд сансрын хөлөг, станц байрлах тэр хугацаанд Салют-6 станцтай холбох залгалтыг хийж гүйцэтгэлээ. Салют станцын болоод Союз хөлгийн холбоо, удирдлага залгалтын системүүд амжилттай сайн ажиллалаа. Залгалт гүйцэтгэсний дараа хөлөг-станцын холбогдсон хэсгийн битүү байдлыг дахин шалгаж хөлгийнхөө амралтын тасалгаанд шилжиж скафандраа тайлж ажлын хувцасаа өмсч, норж хөлөрсөн скафандраа хатаах төхөөрөмжид залгаж хатаалаа. Хөлөг, станцын аль аль талаас нь битүү байдал хангагдсныг болон хөлөг, станцын бүхээгийн даралт ижил болсныг газрын удирдлагын хамт шалган тогтоосны дараа ЦУП-ын /центр управления полётами/ командаар хөлөг, станцын нээлхийнүүдийг онгойлгож Салют-6 станцын бүхээгт шилжиж орлоо. Бидний баяр хөөр дүүрэн уулзалтыг газар дэлхийд дамжуулахын тулд станцын ТВ төхөөрөмжүүдийг тохируулан зоож бэлэн болгожээ.
Бид хоёрын хувьд бидний бэлэг жижиг хивс, хоёр орны төрийн далбаагаа намируулсаар орлоо. Би түрүүлж орлоо. Үндсэн багийн дарга Владимир Васильевич Коваленок угтан тэвэрч аваад, огцом түргэн хөдөлгөөн аль болох битгий хийгээрэй гэж захиж угтлаа. Виктор Петрович Савиных их л баярлаж догдолсон сэтгэлээр угтлаа. Хөлгийн дарга миний араас хивс далбаагаа барьсаар хөвж орж ирлээ. 11 хоногийн өмнө сансрын Байконур буудлаас үдэж явуулсан хоёр найзтайгаа сансрын тойрог замд олж очиж уулзана гэдэг үнэхээр баяртай байлгүй яахав дээ. Зөвхөн бид дөрөв баярлаад зогсохгүй манай элэг нэгт Монголчууд, сансрын гараанд биднийг бэлтгэсэн зөвлөлт нөхөд бүгд л баярын инээмсэглэл тодруулсаар энэ уулзалтыг хүлээж авсан байх аа.
Үүний дараа албан ёсны телевизийн уулзалт, ярилцлага нэвтрүүлэг зохион байгууллаа.
Манай хоёр орны нам төрийн удирдагчид Л.И.Брежнев, Юмжаагийн Цэдэнбал нар сансрын судалгааны ажил амжилттай эхэлсэнд баяр хүргэлээ.
Манай хоёр баярын ширээ зассан байна. Бие биедээ баяр хүргэж бидний сансрын уудамд явуулах шинжилгээ судалгааны ажил эхэллээ. Сансрын хөлгөөр авч ирсэн ачаануудыг станц руу зөөж байрлуулан, Союз-39 хөлөгт консерваци хийснээр энэ өдрийнхөө ажлыг өндөрлөв. ***********
Энэ өдөр хоёр орны тухайн үеийн төрийн тэргүүнүүд Л.И.Брежнев, Юмжаагийн Цэдэнбал нар сансрын нислэгийн багт илгээсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
ТОЙРОГ ЗАМЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ “САЛЮТ 6-СОЮЗ Т4-СОЮЗ 39” ЦОГЦОЛБОРЫН ОЛОН УЛСЫН БАГЫН ГИШҮҮН САНСРЫН НИСГЭГЧ В.КОВАЛЕНОК, В.ДЖАНИБЕКОВ, Ж.ГҮРРАГЧАА НАРТ
Эрхэм нөхөд өө!
Тойрог замын эрдэм шинжилгээний цогцолборын Зөвлөлт-Монголын багийн гишүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж ажлаа амжилттай эхэлсэнд тань баяр хүргэе.
Та бүхэн урт хугацааны “Интеркосмос” программын дагуу социалист хамтын нөхөрлөлийн орны хэрэгжүүлж байгаа сансрын шинжилгээ судалгааны экспедицийн буухиаг хүлээж авлаа.
Та нарын хамтын нислэг социалист интернационалийн аугаа их хүч, энх тайвны эрх ашгийн үүднээс нийт хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд сансрыг эзэмшихэд ах дүү ард түмний олж байгаа их амжилтыг бас дахин бат нотлон харуулж байна. Зөвлөлт-Монголын хамтарсан баг Ю.Гагарины домогт нислэгийн 20 жилийн ойн өмнөхөн сансарт нисч байна. Үүнийг дурсан санахдаа Зөвлөлтийн хүмүүсийн хөдөлмөр, баатарлаг үйлсээр тавигдсан тэр зам одоо сансрын гол дардан зам боллоо гэж сэтгэл дүүрэн хэлж болно. Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн энэ өдрүүдэд ЗХУКН-ын XXVI их хурлын түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх, МАХН-ын XVIII их хурал, Монгол Ардын Хувьсгал ялсны 60 жилийн ойд бэлтгэх талаар улс төр, хөдөлмөрийн идэвх гаргаж зориг бадрангуй ажиллаж байна.
Эрхэм нөхөд өө! Та нарын хийж байгаа сансрын нислэг бол Зөвлөлт-Монголын найрамдлыг хөгжүүлж бэхжүүлэх он дарааллын бичигт мөнхжин орох яруу тод үйл явдал мөн гэж манай хоёр орны сая сая хүн чин сэтгэлээсээ үзэж байна.
Хүндтэй хариуцлагатай даалгаврыг нэр төртэй биелүүлж энх амгалан сансрын тойрог замд үр бүтээлтэй хөдөлмөрлөнө гэдэгт та нөхдөд бид бат итгэлтэй байна
Эрхэм нөхөд өө!
Нислэгийнхээ программыг амжилттай биелүүлэн эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирэхийн өлзийтэй ерөөлийг та бүхэнд дэвшүүлье.
Л.БРЕЖНЕВ Ю.ЦЭДЭНБАЛ