
Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг хатан хааны тагнуулын албаны дэмжлэгтэйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эзэмшлийн байж болзошгүй хөрөнгийг Лондонд хайна гэж “The Daily Telegraph” сонин мэдээлжээ. Гуравдугаар сарын 10-нд Их Британийн эрх баригчид тэрбумтан, хөл бөмбөгийн "Челси" клубийн эзэн Роман Абрамович, "Роснефть" компанийн ерөнхий захирал Игорь Сечин, "Россия" банкны дарга Дмитрий Лебедев, ВТБ банкны тэргүүн Андрей Костин, "Газпром" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Миллер, "Транснефть" компанийн тэргүүн Николай Токарев нарыг хоригийн жагсаалтад оруулсан юм.
Тэрчлэн Францын эрх баригчид Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч тус улс дахь Оросын банкны 22 тэрбум евро, Оросын бизнесменүүдийн 850 сая еврогийн хөрөнгийг битүүмжилжээ. Энэ талаар Францын Сангийн сайд Бруно Ле Майр мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан Францын Сангийн яамнаас гуравдугаар сараас эхлэн тусгай ажлын хэсэг байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар хувийн дансанд байсан 150 сая евро, 539 сая еврогийн үнэлгээ бүхий 30 орчим орон сууц, байшин, 150 сая еврогийн үнэлгээтэй хоёр дарвуулт онгоцыг хураан авчээ.
Битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгө дотор “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечиний “Аморе Веро” гэх дарвуулт онгоц байсан гэнэ.
И.И.Сечинийг В.Путиний хамгийн ойр, дотны хүн гэдэг. В.Путин “От первого лица” номондоо “Би хотын захирагчийн орлогч болчхоод олон хүнийг ажиглаж судалдаг байлаа. И.Сечин үнэхээр надад таалагдсан учир хамт ажиллахыг санал болгосон. Энэ бол 1992-1993 онд болсон явдал. Дараа нь Москвад ажиллахаар явах болоход тэрбээр намайг гуйсан. Би түүнийг дагуулаад явсан” хэмээн бичсэн байна.
В.Путин 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож И.Сечинийг Тамгын газрынхаа орлогчоор томилжээ. И.Сечин 2004-2011онд “Роснефть” НХН-ийн захирлуудын зөвлөлийн даргаар сонгогдон ажилласан. 2008-2012 онд В.Путинийг ОХУ-ын Засгийн газрын даргаар ажиллах хугацаанд И.Сечин Засгийн газрын даргын орлогчоор ажиллаж түлш, эрчим хүчний цогцолборын асуудлыг хариуцаж байв. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Путин ажилдаа орсны дараа И.Сечинийг “Роснефть” НХН-ийн ерөнхийлөгчөөр томилуулах саналаа тус нийгэмлэгийн захирлуудын зөвлөлд уламжилж шийдвэрлүүлсэн байна.
