
Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор "тэвчиж" болох импортын бүтээгдэхүүнийг түр хориглох санал дэвшүүлээд байна. Үүнд тансаг зэрэглэлийн автомашинуудын импорт багтаж байгаа аж.
"Land Cruiser 300" загварын автомашин зах зээлд гарснаас хойш энэхүү автомашинд зориулж 500 сая ам.доллар нөөцөөс гарсан", "стратегийн гол импортын бүтээгдэхүүнүүд дээрээ онцгой анхаарах хэрэгтэй" гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд байна.
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани 2021 оны зургаадугаар сард “Land Cruiser 300” загвараа танилцуулж, оны эцсээр зах зээлд нийлүүлж эхэлсэн юм.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт импортын 7.4 хувийг суудлын автомашины импорт бүрдүүлсэн бөгөөд нийт 9589 автомашин импортолжээ. Үнийн дүнгээр нь аваад үзвэл 76.7 сая ам.долларын автомашин импортолсон байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. 2021 оны эхний хоёр сард 56 сая гаруй ам.долларын үнийн дүн бүхий автомашин импортолж байжээ.