Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох байгууллагуудын тайлан, мэдээллийг танилцуулав. Энэ сонсголыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа юм.
НЭГДҮГЭЭР САРЫН 23-НААС ХОЙШ ЮУ БОЛОВ?
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул нэгдүгээр сарын 23-ны өдөр тус банк хүнд байдалд орсныг зарлан, чанаргүй 25 зээлдэгчийн нэрс, тэдний авсан зээлийн хэмжээг зарласан. Удалгүй буюу 31-нд дахин 17 зээлдэгчийн нэрсийг зарласан юм. Ингээд тус банкны НЭГ ИХ НАЯД 873 ТЭРБУМ төгрөгийн зээлийн эргэн төлөлт саатсан нь ил болов. Нийт активынх нь 53 хувь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл болжээ.
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар нийт 104 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлөөд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл
- Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26 тэрбум төгрөг,
- Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61 тэрбум төгрөг,
- Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16 тэрбум төгрөг байна.
Чанаргүй зээлийн багц 1.8 их наяд төгрөг атлаа эргэн төлөлт нь ердөө л 16 тэрбум төгрөг байгаа нь чамлалттай. Хэвийн зээлдэгчийн ангиллаас “Сод монгол групп” ХХК 3.6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1.0 тэрбум төгрөг, Голомт банк 0.3 тэрбум төгрөг,
Анхаарал хандуулах ангилалтай “Макс Рөүд” ХХК 19.0 тэрбум төгрөг, "Вояжер Минерал Ресурсес” ХХК 3.6 тэрбум төгрөг нийт 27.6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлжээ. Эдгээр зээлдэгч зээлийн дансаа хаасан байна.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРХ БҮХИЙ 14 АЛБАН ТУШААЛТНЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ
Улсын ерөнхий прокуророос энэ сарын 23-нд өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан долоон хэргээс хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Тухайлбал:
Н.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол “НВЦ” ХХК-ийн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд прокурорт буцаасан. Одоо хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дээрх 41 хэрэгт нийт 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон болон зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгаж байгаа.
Үүнээс 12 хэрэгт Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд болох 14, зээл авсан аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан 8, нийт 22 хүнд холбогдуулан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, "Хахууль авах", "Хахууль өгөх", “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжид учирсан хохирлоос одоогоор 107,360,311,183 /нэг зуун долоон тэрбум гурван зуун жаран сая/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.
Гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
ХӨГЖЛИЙН БАНКАНД ТОМООХОН АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН ДОЛООН ХҮНИЙГ ЦАГДАН ХОРИВ
Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласны дараа шүүх хурлууд ар араасаа болсон. Хөгжлийн банканд удирдах албан тушаал хашиж байсан долоон хүнийг 15 хоногоос нэг сарын хугацаатай баривчлав. Тодруулбал:
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэлээр 1 сар/
- Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн тус банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр 1 сар/
- Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр /1 сар/
- Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
- Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр нэг сарын хугацаанд тус тус цагдан хорилоо.