Монголын бизнесийн элит гэр бүл болох Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу, төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа эд хөрөнгийн маргаантай “Нарантуул” захын хувиа булаацалдаж шүүхэдсэн түүх бий.
"Нарантуул" захын эзэн Ш.Сайхансамбуу эцэг эхээс есүүлээ. Шинэнсамбуугийн есөн хүүхэд есүүлээ Самбуу гэж төгссөн нэртэй. Есөн Самбуугаас хамгийн алдартай нь Батсамбуу, Ш.Сайхансамбуу хоёр. Харин энэ хоёр муудалцаж, 2016 онд Завханд нэг тойрогт нэр нэр дэвшиж, төө зайгүй төрсөн ах дүүс нэг нь нөгөөгөө татаж унагасан юм. “Нарантуул” захыг эзэмшигч Ш.Сайхансамбуу захирлын дүү Ш.Батсамбуу нь төрсөн ахаасаа “Нарантуул трейд” компанийн 16.1 хувь болон МАН-ын Тусгаар тогтнолын ордонд хандивласан гэх 680 мянган доллароо нэхэн бүр шүүхэд өгсөн. Ах Сайхансамбуу нь хариуд нь авч өгсөн баахан машинаа нэхсэн хэрэг мандсан. Анх Дэнжийн мянгын барааны захыг 48 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд дүү нь Ш.Батсамбуу 7.6 сая төгрөг буюу 16.1 хувийг нь гаргасан гэж баталдаг. Ах нь мөнгөнд нь таарсан хувь эзэмшүүлнэ хэмээн олон жил хуурсаар сүүлд нь намын байранд хандив өгөх хэрэгтэй байна, энэ удаад тусалбал хувийг чинь өгнө гэсэнд дүү нь 680 долларыг ахынхаа нэрээр МАН-ынханд өгсөн гэдэг. Гэсэн ч ахиад 16.1 хувийг нь нэр дээр нь шилжүүлсэнгүй гэж заргалдсан удаатай. Болсон явдлыг эхнээс нь сөхвөл “Нарантуул” Бүрэн бус хариуцлагатай компани буюу одоогийн “Нарантуул трейд” компанийг 1993 оны 9-р сарын 1-нд Ш.Сайхансамбуу үүсгэн байгуулж 1994 оны 1-р сарын 5-нд улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Компаний бизнесийн гараа нь Дэнжийн мянга дах бараан захыг хувьчлан авснаар эхэлжээ. Тухайн үед бараан зах нь хотын захиргааны мэдэлд байжээ. Ш.Сайхансамбуу анх захыг худалдан авч дараа нь Германаас хөрөнгө оруулалт олж өөд нь татсан гэж ярьдаг ч яг үнэндээ санааг нь дүү нь гаргасан гэнэ. Ш.Батсамбуу бараан зах хувьчлагдах гэж байгааг мэдээд тендерт оролцохоор эхнэр болон найз А.Гэрэлбатын хамт баримт бичиг төслөө боловсруулж бэлджээ. Явцын дунд ах Ш.Сайхансамбуудаа санал тавьсанд гайхалтай нь ах нь эхнэрийн хамт эрс эсэргүүцэж байсан хэмээн Ш.Батсамбуу баталжээ. Гэсэн ч тэрээр сайн ойлгуулж чадсаны хүчинд ах нь эхнэр Г.Оюунсогоогийн хамт захын хувьчлалд оролцохоор болж. Гэтэл ахин нэг үл ойлгогдох явдал болж дүүгийн компаний нэрээр биш, харин Ш.Сайхансамбуугийн “Нарантуул” Бүрэн бус хариуцлагатай компаний нэрээр орохоор болж. Ингээд 1995 оны 8-р сарын 21-нд хотын захиргаанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд хамгийн өндөр буюу 49 сая төгрөгөөр үнэ цохин авчээ. Тухайн үед Ш.Батсамбуу нь худалдан авсан нийт үнийн 7,9 сая төгрөгийг өгсөн хэмээн одоо ч зүтгэдэг. Гэтэл түүнд “1995-09-19, дуудлага худалдааны үнэ 2,300 төгрөг, “1995-09-04, “Нарантуул” компаний хувьчлалын үнэ 1,600 гэсэн кассын орлогын хоёр баримтаас өөр нотолгоо байдаггүй гэнэ. Дээр нь байгаа баримтын үнэ нь нийлээд өөрөөсөө өгсөн гээд байгаа 7,9 сая төгрөгийн хаана нь ч хүрдэггүй. Энэ мөнгө нь захыг худалдан авсан 49 сая төгрөгний үнийн дүнгийн 16,1 хувь болдог. Ийнхүү дүүгийн ахаасаа нэхдэг “Нарантуул трейд” компаний 16,1 хувийн маргааны эх үүсвэр тавигджээ. Тухайн үед Ш.Сайхансамбуу нь эхнэрийн хамт компаний дүрмийн санг 50, 50 хувиар эзэмшиж байжээ. Ах эхнэрийн хамт надад чиний оруулсан 7,9 сая төгрөгт тэнцэх хэмжээний буюу 16,1 хувийг эзэмшүүлнэ хэмээн амласан, үүнийг бидний ах Шаравсамбуу, Баснэгсамбуу нар сайн мэднэ хэмээн дүү Батсамбуу нь баталдаг гэсэн. Ийнхүү төрсөн ах дүүс эд хөрөнгийн маргаан өрнүүлж, шүүхдэхдээ тулсан ч уруул дордовч, элэг дордохгүй гэгчээр эцэстээ эвлэрсэн бололтой.