alim.mn | 2024.12.25
"Хөтөл"-ийн дарга нар 5-10 сая төгрөгийн цалин, ажилчид нь 500-700 мянган төгрөг авдаг
"Хөтөл"-ийн үйлдвэрийн цагдаагийн хамгаалалтыг буулгажээ. Цемент, шохойн үйлдвэрлэл, борлуулалт хэвийн явагдаж байна. Цементийн нөөц 10 мянган тонн байгаа аж.
Хөтөл шохойн үйлдвэрийн даргаар томилогдсон Лүндэгийн Наранбаатар ажилтан ажиллагсадтай уулзаж, цалин хөлс, нийгмийн тулгамдсан асуудлыг нь сонсжээ. "Үндсэндээ үйлдвэрийг хувьчалж авсан нөхдөөс томилогдсон дарга нар 5-10 сая төгрөгийн цалин, нэмээд урамшуулал авдаг байхад баялаг бүтээгч жирийн ажилчдын 70% орчим нь 500-700-хан мянган төгрөг гар дээрээ авдаг. Түүнээсээ 50-100 мянган төгрөгийг зөвхөн дулааны төлбөртөө өгчихдөг" тухайгаа ярьсан байна.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 2015 онд хувьчлагдсанаасаа хойш 2019 онд цалин багахан нэмсэн гэнэ. Харин сая төр өмчөө буцааж авах сургаар яаран цалинг 20 хувь нэмэх амлалт өгч, 4 сараас хэрэгжүүлнэ гэжээ.
 Л.Наранбаатар "Өнөөдрийн хурлаар дараах асуудлыг шийднэ гэдгээ хэллээ. Энэ нь зөвхөн миний шийдвэр биш, манай ЗГ-ын хүсэл эрмэлзэл, МАН болон Ерөнхийлөгчийн “Баялагтаа эзэн Монгол” мөрийн хөтөлбөртэй яв цав нийцэх юм. Ажил авахдаа ч анхнаасаа би үүнийг хийхийг зорьж ажиллана гэдэгээ удирдлагууддаа хэлж, зөвшөөрөл авсан юм. Үүнд:
1. Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэр бол манай ахмад үеийн бидэнд хөлс, хөдөлмөрөөрөө үлдээсэн өв, үнэт баялаг. Хэн нэгэн Сахал Эрдэнэбилэг, Халтмаагийн Баттулгын бий болгосон өв хөрөнгө, өмч биш! Хувийн өмч ч биш! Төрийн өмч! Хувьчлал нь олон жил бэлтгэж, үе шаттайгаар санхүүгийн схем зурж хийсэн Мафийн ажиллагаа байсан. Энийг хамт олон маань маш сайн ойлгосон байна. АТГ, хууль хүчнийхэн зохих шалгалтаа хийж эхэлсэн. Засгийн газар хувьчлалыг хууль бус гэж үзэн цуцалсан. Үйлдвэр төрд, ард түмэндээ буцаж ирсэн, бид баялаг бүтээгч ажиллагсадаа жил бүр ноогдол ашиг хүртдэг алтан хувьцаа эзэмшүүлдэг болно. Энэ нь нийт хувьцааны 10% хүртэл байх юм. Өнөөдрөөс Хөтөлийн нийт 800 орчим ажилчид энэ хувьцааг хүртэх эрхтэй болж, ажил эхэлж байна.
2. Цементийн салбарт ажиллах хүчний өрсөлдөөн хатуу, ширүүн байна. Цалин, хангамж багаас болоод Хөтөлөөс бусад үйлдвэрт очиж ажиллах их нүүдэл бий болжээ. Чухамдаа Хөтөлчүүд Хөтөлөөсөө дайжих болж. Цалинг салбарын дундаж түвшинд хүргэхэд дариу одоогийн цалинг 20% биш 100%-200% нэмэх шаардлага гарч ирж байна. Улсын дундаж цалингаас бүр 17% доогуур цалин авч байна. Цаашид том дарга нарын цалинг нэмэхгүй, харин баялаг бүтээгч жирийн ажилчдын цалинг судалгаанд үндэслэн үе шаттай нэмэгдүүлж өрсөлдөгчдийн түвшинд хүргэнэ. Хөтөлчүүд Хөтөлдөө тав тухтай, санаа зовох зүйлгүй амьдардаг болгохын төлөө ажилчидтайгаа баг болж ажиллана. Ажилчид маань ч сайхан дэмжиж, ойлгож хүлээн авсанд баяртай байна.
3. Дулааны станц мөн хууль бус хувьчлалаар алдагдсан. Ингэснээр ажилчдад дулааны зардал нь илүү дарамт болж очих болсон. Одоо төрдөө ирлээ. Тодорхой хөнгөлөлтүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн үзүүлэх бүрэн боломжтой нь харагдаж байна. Хийнэ, хөнгөлнө.
4. Үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа 40% орчимоор ажиллаж байна. Цементийн Зах зээлийн 15% орчмыг л хангаж байна. Цахилгаан, дулаан, авто зам, төмөр зам, шохойн орд нь үйлдвэрийнхээ яг дэргэд, 1983 оноос хойш үе дамжин бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчинтэй, сайхан байгаль, амьдрах сууцтай, үзэсгэлэнт хоттой Хөтөл бол хамгийн бага өртөгөөр цемент, шохой үйлдвэрлэж зах зээлийг 50%_г эзлэх боломжтой, өрсөлдөх чадвартай цор ганц үйлдвэр юм. Бид энэ боломжоо багаараа зүтгэж, ашиглана, хийж чадах бүрэн төлөвлөгөө, зураглалаа харж чадаж байна.
Иймээс цементийн үнийг тодорхой хэмжээнд бууруулж, улс орныхоо бүтээн байгуулалтынхаа төлөө бид хамтдаа зүтгэнэ, шинэ бизнес төлөвлөгөө, шинэ маркетинг, шинэ менежментийн арга барилаар ажиллах, шинэ сэргэлтийн төлөвлөгөөндөө өнөөдрөөс багаараа ажиллаж эхэллээ.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд Хөтөлийн үйлдвэрт ямар ч улстөржилт байж болохгүй. АН гишүүн байгаад үнэхээр ур чадвартай мундаг ажиллаж чадвал цалинг нь нэмээд, албан тушаал дэвшүүлнэ. МАН гишүүн байгаад унхайгүй, урагшүй, хариуцлагагүй байвал хална. Бид Ардчилсан Монгол улсад амьдарч байгаа. Хэний ч улстөрийн үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Үзэл бодлоор нь, улстөрийн намаар нь ялгаварлан гадуурхах үйл явдлыг өнөөдрөөс зогсоож байна.
Ур чадварыг шударгаар үнэлж, хэн нэгэн даргын өнгөц үзлээр биш, шударга урамшуулал, шударга өрсөлдөхүйц цалингийн системийг бий болгож, ЕRP системд суурилан хэрэгжүүлэх зорилт тавьж байна.
Мөн төр баялгаа буцаан авч, хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгож Монголынхоо нийт ард түмэнд эзэмшүүлэх, цементийн зах зээлд шударга өрсөлдөөний орчинг бий болгож, үйлдвэр уурхай, дэд бүтцийн мега төслүүдийн бүтээн байгуулалтуудыг хямд, чанартай цементээр тасралтгүй хангах алсын хараатай ажиллах болно" гэлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ