Хагас сарын хугацаанд "алга болсон, зүрхний шигдээс болсо, Путин хорлосон" гэгдэж байсан, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу гуравдугаар сарын 29-ний өдөр олны өмнө ил гарч, байлдааны явц болон Оросын цэргүүдийн зорилгын талаар мэдэгдэл хийжээ.
Тэрбээр Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-ны эхний шатны үндсэн зорилтууд биелсэн гээд харин одоо Донбассыг чөлөөлөхөд Оросын цэргүүд төвлөрөх боломжтой хэмээн онцолсон байна. Донбассыг чөлөөлөх нь ажиллагааны гол зорилго гээд, бүхий л зорилгодоо хүрэх хүртэл чөлөөлөх ажиллагааг явуулна хэмээн мэдэгджээ.
Шойгугийн өгүүлснээр, байлдааны ажиллагаа 33 өдөр үргэлжлэх хугацаанд Оросын тал Украины олон онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах системүүдийг устгаснаар агаарт ноёрхсон гэнэ. Энэ мэдэгдлийнхээ үеэр хаврын цэрэг татлагын талаар ярьсан бөгөөд "халуун цэг" рүү хугацаат цэргийн алба хаагчдыг илгээхгүй гэж онцолжээ. Түүнчлэн энэ онд өнгөрсөн онтой харьцуулахад цөөн тооны цэрэг татах гэнэ.