УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын “Вояжер минерал ресурсер” компани Хөгжлийн банкнаас 414.4 сая иенийн зээл авч, хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн талаар мэдээлэл гарсны дараа зээлээ төлж барагдуулсан аж. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам аавынхаа Хөгжлийн банкнаас авсан зээлийг мэдээгүй байсан, аав нь бүрэн төлж дууссан гэжээ.
Тэрээр, “Манай аав бол олонд хүндлэгдсэн бизнесмен, баялаг бүтээгч дэлхийн хаанаас ч зээл аваад тэрийгээ эргүүлж төлөөд ирсэн хүн. Би бол аавдаа хайртай. Миний аав намайг бизнесдээ оролцуулдаггүй. Намайг мөнгө биш номтой хүн болгох гэж л хүмүүжүүлсэн. Аав маань бол охиндоо санаа зовоод, нойргүй хоносон байна лээ. Надад уучлаарай гээд хэлсэн. Бүх юмаа шавхаад л, энд тэндээс бололцоогоороо зээлээ эргэн төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй. Бүгдийг нь төлсөн.
Би яг үнэндээ энэ асуудал гарч ирээд л аавынхаа энэ зээлийн тухай мэдээлэл авсан. Би бол тухайн үед их сургуулийн удирдлага гэдэг утгаараа намаасаа түдгэлзсэн байсан. Хийсэн юм байхгүй юм чинь би юугаа шалгуулах вэ дээ. Намаас өгсөн үүргийн дагуу өөрийгөө шалгуулах бичиг, хүсэлтээ өгье гэж бодож байна” гэлээ.