alim.mn | 2024.12.24
Улс орон даяар 60 мянган камер байрлуулж камерын нэгдсэн системтэй болно

УИХ өнгөрсөн хавар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар улсын хэмжээнд 60 мянга, Улаанбаатар хотод 20 мянган камер байрлуулах шаардлагатай байгаа талаар хэлж байлаа. Улс орон даяар камерын нэгдсэн системтэй болж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил ямар шатандаа явж байгаа талаар Х.Нямбаатар сайд мэдээлэл өгөв.

Тэрээр "Камержуулалтын асуудал дээр бид ТЭЗҮ болон зураг, төсвөө боловсруулаад дууссан. Энэ чиглэлээр туршлагатай гаднын байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Дөрөвдүгээр сарын сүүлээр тухайн байгууллагын хүмүүс ирнэ. ЦЕГ-ын дэргэдэх Хяналт, шинжилгээ, үнэлгээний байгууллага тооцооллыг нь хийсэн. Улс орон даяар 60 мянган ширхэг камер байрлуулж байж камерын нэгдсэн системтэй болно. Одоо ашиглаж байгаа камеруудын гуравны нэг нь  ашиглалтын шаардлага хангахгүй, гуравны нэг нь ашиглалтаас гарсан. Тиймээс гуравны нэгээр нь л хяналт тавьж байгаа. Яагаад ийн олон камер ашиглалтаас гарч, зарим нь ашиглалтын шаардлага хангахгүй байна вэ гэхээр завсар үйлчилгээг нь хариуцсан нэг ч газар, төсөв байдаггүй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэрэг, зөрчлөөс орон нутагт төвлөрч буй хүү, торгуулийн орлогын 50 хувийг тухайн шатны ИТХ зөвхөн камерын ашиглалтад зарцуулахаар зааж өгсөн. Харамсалтай нь, энэ хуулийн эцсийн найруулгыг сонсоогүй байна. Хуулийг хэрэгжүүлээд эхэлбэл, одоо байгаа камеруудынхаа ашиглалтыг сайжруулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа. 

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 30 сая ам.доллароор камерын нэгдсэн системыг өргөжүүлэхээр болсон боловч ҮАБЗ-өөс хоёр хөршөөрөө мэдээлэл технологийн ажил гүйцэтгүүлэхгүй байх зөвлөмж гарсан. Тиймээс улсын төсөвт шат дараалан мөнгө тавьж камержуулах ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
2 жилийн өмнө
202.126.89.195
Чанартай шаардлага хангах камер аваасай. Улсын мөнгө идэх суваг битгий болгоорой.
Төстэй мэдээ